Говь-Алтайн Засаг дарга О.Амгаланбаатар "Өөр намынхан аймагт нь очиж иргэдтэй уулзалт хийхэд" тогоо тасалдаг уу

Говь-Алтайн Засаг дарга О.Амгаланбаатар "Өөр намынхан аймагт нь очиж иргэдтэй уулзалт хийхэд" тогоо тасалдаг уу

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийх гэтэл цахилгаанчин нь тог тасалсан талаар чуулганы өчигдрийн /2023.04.29/ нэгдсэн хуралдааны үеэр хөндлөө.

Тодруулбал тэрбээр, “Говь-Алтай аймагт уулзалт хийх гэтэл хөгийн юм боллоо. Арайхийн хүмүүс цуглуулаад уулзалт хийх болтол тогоо тасалчих юм. Гадаа гараад мэдээлэл өгье лайв хийе гэтэл дахиад тог тасалчих юм. Энэ ямар учиртай юм бэ гэсэн чинь түгээгүүрийн нөхөр байдаг сурагтай. Сонгуулийн үеэр байнга тог тасалдаг, уулзалт хийхээр тог тасалдаг. Өөр намын хүн ирэхээр тогоо тасалчихдаг. Тасалчихдаг, тасалчихдаг. Ийм нөхөр байна аа, хэтэрхий улстөржсөн. УИХ -ын гишүүн очоод ажлаа тайлагнаж байхад тасалчихдаг, яах вэ?" гэсэн юм. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Говь-Алтай аймгийн Засаг дарга чинь аль намын хүн юм” гэж цаашлуултал гишүүд инээлдэв.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Анх удаа сонсч байна. Энэ талаар мэдээлэл аваад эргээд мэдэгдье. Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨҮГ-ын одоо ажиллаж байгаа захирал нь Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Тиймээс өнгөрсөн долоо хоногт тухайн хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлээд, Эрчим хүчний яамнаас Бүрэн эрхт төлөөлөгч түр томилсон” гэв.

2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Ардчилсан нам Говь-Алтай аймагт ялалт байгуулж, Засаг даргаар О.Амгаланбаатарыг сонгон ажиллуулж билээ.