Францын Ерөнхийлөгч Э.Макрон ирэх сард манай улсад айлчлахдаа "Монгол Улсыг атомын цахилгаан станцтай болгох" асуудлыг хөндөж магадгүй

Францын Ерөнхийлөгч Э.Макрон ирэх сард манай улсад айлчлахдаа "Монгол Улсыг атомын цахилгаан станцтай болгох" асуудлыг хөндөж магадгүй

Энэ долоо хоногт Польшийн Ерөнхийлөгч А.Дуда манай улсад төрийн айлчлал хийгээд буцлаа. Түүний айлчлалын гол зорилго нь социализмын үеэс найрсаг харилцаатай явж ирсэн өдгөө ардчиллын замаар замнаж буй Монгол, Польш орны харилцаа хэвийн байгааг итгэх зорилготой хэмээн судлаачид тайлбарлаж буй. Товчхондоо, түүний айлчлал ажлын биш “төрийн айлчлал” байсан тул бэлэг тэмдэг талдаа илүүтэй ач холбогдол өгсөн гэж болно.

Харин Францын Ерөнхийлөгч Э.Макроныг Монгол Улсад айлчлах талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрбээр ирэх тавдугаар сар /2023.05/-ын сүүлээр манай улсад айлчлах аж. Олон улсын харилцаа хурцадмал байгаа энэ үед Францын ерөнхийлөгч Э.Макроныг Орос, Хятадын эсрэг барууны орнуудын бодлогыг “тэнцвэржүүлэгч” хэмээн дүгнэж буй. Учир нь Орос, Украины дайны эхэн үед Э.Макрон ОХУ-д айлчилж “Дайнаа зогсоо, хэлэлцээрийн ширээний ард суу” хэмээн В.Путинд хэлж байсан. Харин саяхан Хятад, Тайваний байдал хурцдах үеэр Э.Макрон БНХАУ-д айлчилж, “Тайваний асуудалд Франц улс АНУ болон барууны орнуудаас өөр байр суурьтай байгаа” гэж мэдэгдсэн.

-УРАНЫ САЛБАРТ ӨРГӨН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХ, МОНГОЛД АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ АСУУДЛЫГ ХӨНДӨЖ МАГАДГҮЙ-

Францын Ерөнхийлөгч Э.Макрон ирэх тавдугаар сард Монгол Улсад хийх “ажлын айлчлал”-ынхаа үеэр манай улстай ямар хамтын ажиллагаа, бүтээн байгуулалтын гэрээ байгуулах бол гэдэг нь олон хүний анхаарлыг татаж байна. Тодруулбал, Орос, Франц гэсэн орнууд шар нунтаг буюу “уран” баяжуулах технологиороо дэлхийд тэргүүлдэг бол, ураны нөөц ихтэй хэмээн Хятад, Монгол зэрэг орнууд дэлхийд үнэлэгддэг. Иймээс ч Францын “Бадрах энержи” компани Дорноговь аймагт уран олборлож байгаа. 

Харин Францын Ерөнхийлөгч Э.Макроны айлчлалын үеэр ураны салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах, мөн манай улсыг атомын цахилгаан станцтай болгох хөрөнгө оруулалт оруулая гэсэн саналыг тавьж магадгүй юм. 

Учир нь Монгол Улс цахилгаан эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат байгаа. Иймд өнгөрсөн жил НҮБ-ын тэргүүн А.Гутерриш манай улсад айлчлах үеэрээ, Монголыг эрчим хүчний хувьд Оросоос хараат бус болгох асуудлыг хөндөөд Эгийн голын усан цахилгааны станцыг барихад НҮБ улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн. Түүний айлчлалын дараа Европын холбооны хэд, хэдэн чухал албан тушаалтан манай улсад айлчлахдаа мөн энэ асуудлыг хөндөж, дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн билээ. Энэ үүднээсээ Э.Макрон ч мөн “Монголыг эрчим хүчний хувьд Оросоос хараат бус болох ёстой. Үүнд нь атомын цахилгаан станц барихад нь хөрөнгө оруулж туслах боломжтой” гэдэг агуулгыг хөндөж магадгүй.  

-МОНГОЛ, ФРАНЦ УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САЛБАРУУД ӨРГӨЖИХ ГЭРЭЭ ЗУРАГДАХ УУ-

Нөгөө талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Герман, Солонгос дэх айлчлал мөн Польшийн Ерөнхийлөгч А.Дудагийн Монголд хийсэн айлчлалаар тус улс бүгдээр манайхаас газрын ховор элемент олборлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр Францын Ерөнхийлөгч Э.Макрон ч манай улсаас газрын ховор элемент авах хүсэлтээ илэрхийлэх болов уу.  

Мөн сүүлийн жилүүдэд манай улс Франц улстай онцгой байдал, нийтийн тээврийн салбарт хамтран ажиллаж буй.

Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газарт Франц улсаас “авран хамгаалах нисдэг тэрэг” нийлүүлж, нисгэгчдийг дадлагажуулж сургасан. Мөн НЗДТГ-аас Францын компанитай нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж буй. Энэ үүднээсээ Э.Макроны айлчлалын үеэр Монгол, Франц орнуудын хамтын ажиллагааны олон гэрээ зурагдаж магадгүй гэсэн хүлээлт байна.