Гурван настайдаа тодорч, 7 жил нууцлагдмал байсан Монголын X Богд олны өмнө гарч, “Монгол Улс буддын шашны цөм болно” гэж гаднынхан онцлов

Гурван настайдаа тодорч, 7 жил нууцлагдмал байсан Монголын X Богд олны өмнө гарч, “Монгол Улс буддын шашны цөм болно” гэж гаднынхан онцлов

Энэ долоо хоногт эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “таван Ш” хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэхээ зарласан бол гурван настайдаа тодорч, долоон жил нууцлагдмал байсан Монголын X Богд Жавзандамба хутагт олны өмнө ил гарч ирлээ.

Тодруулбал, Далай ламын оролцсон номын айлдвар дээр тэрбээр, “10 дугаар Богд энд хүрэлцэн ирсэн байна” гэж хэлснээр Монголчууд монголын бурхан шашинтны тэргүүнээ анх удаа харсан гэж болно. Монголын X Богдын аав нь математикч Ч.Алтаннар, ээж нь Монцемент группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан, эмээ нь УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав болж таарч байна.

-МОНГОЛЫН АРВАН БОГДЫН ДОЛОО НЬ ТӨВӨДӨӨС, ГУРВАН НЬ МОНГОЛООС ТОДОРЧ БАЙНА-

Тэгвэл Монголын IX Богд Жамбалнамдолчойжижанцан 2010 онд Монголын Улсын иргэн болж, 2012 онд монгол оронд жанч халсан юм. Тэрээр гэрээслэлдээ “Миний хойд дүр Монгол хүн Монгол нутагтаа тодорч, бурхны шашны уламжлал, ёс, дэгээ баримтлан хөгжүүлэх болно” хэмээн айлдсан гэдэг. 

IX Богд Жамбалнамдолчойжижанцаны гэрээслэл

Сонирхуулахад, 2012 оны цагаан сараас өмнө IX Богд Жамбалнамдолчойжижанцанын бие муудсан гэдэг. Тухайн үед эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд эмч нар “Хэдхэн хоног л тогтоож чадна. Найдваргүй болжээ. Ойр дотных нь уулзах хүмүүстэй уулзуул” гэж зөвлөсөн гэдэг. Ингээд IX Богд Далай ламтай утсаар холбогдож, “Би хэзээ явах вэ. Шарилаа хаан байлгах вэ?” гэж асуухад Далай лам хариуд нь, “Оны сүүлч болж байхад явбал билэг дэмбэрэл муутай. Тийм болохоор та он гаргаад яваарай. Харин өөрийн шарилаа Монголдоо байрлуулаарай хэмээн захисан талаар Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчилэн хийдийн дэд хамба Н.Нанзаддорж гэрчилдэг. Ингээд IX Богд Гандантэгчилэн хийддээ заларч, сар шинийн золголтоо хийгээд шинийн найманд Гандан хурлынхаа бүрээг татахын өмнөхөн нирваан дүрийг үзүүлсэн гэдэг.

Тэгвэл гурван настайдаа тодорч, долоон жил нууцлагдмал байсан Монголын X Богдыг саяхан болж өндөрлөсөн туулай жилийн шинийн 3-ны билэгт сайн өдөр залсан нь үнэн болж таарч байна. Тус ёслолыг Гандантэгчилэн хийд ихэд нууцалсан бөгөөд харин энэ долоо хоногт болсон Далай ламын номын айлдвар дээр “Монголын Х Богд” олны өмнө анх удаа гарч иржээ.

Сонирхуулахад, Монголын I Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар, II Богд Жавзандамба хутагт Лувсандамбийдонмэ бээр нар Монгол хүн байсан бол III, IV, V, VI, VII, VIII, IX Богд Живзундамба хутагтууд Төвөдөд төрж, тодорсон юм. Харин Х Богд Жавзандамба хутагт ийнхүү Монголоос тодорч байна.

-МОНГОЛООС Х БОГД ТОДРОХОД ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ НАРЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО ИХ БАЙЖЭЭ-

IX Богд Жавзандамба хутагтыг Монголд жанч халсны дараа 2016 онд Далай лам Монголд айлчлах үеэрээ, “IX Богдын дараагийн дүр Монголд мэндэлсэн шинж тэмдэг илэрч байна. Их жаахан хүүхэд болохоор нийтэд ил тодорхой зарлах шаардлагагүй болов уу. Гурав, дөрвөн нас хүрэхийн алдад тухайн үед бодолцох хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтий суудал дээр залаад, адис жанлав хүрэх хэцүү. Тэгэхээр алгуур, том болоод, ном эрдэмд төгс гэгээрч, шашин амьтны тусыг хийвэл үнэхээр агуу тус гарах юм” хэмээсэн юм.

Харин 2016 онд Далай лам манай улсад ирсэн нь Монгол Улс БНХАУ-ын харилцаанд сөргөөр нөлөөлж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус улсын Ерөнхий сайдад захидал бичиж, энэхүү үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлж байсан юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захидлын талаар тухайн үеийн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, “Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Далай ламыг Монгол Улсад дахин айлчлуулахгүй гэсэн байр суурьтай байгаа. X Богдыг тодруулахад Далай лам оролцох уу, үгүй юү гэдэг асуулт бий. Засгийн газар энэ асуудалд оролцохгүй. Энэ бол шашны асуудал” хэмээн мэдэгдэж байв. Улмаар тухайн үеийн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Н.Оюундарь нар “бага насны хүүхдийг шашны байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглосон” хуулийн төслийг өргөн барьж байв.

Энэ нь урд хөрштэй харилцаагаа муудгахгүй гэсэн манай улс төрчдийн заль байсныг нь ч үгүйсгэхгүй ээ. Учир нь “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ дээр батлагдаагүй юм.

Тэгвэл Х Богд Монголоос тодроход Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын идэвх чармайлт өндөр байсан гэдгийг зарим эх сурвалжууд өгүүлж буй. Тухайлбал, IX Богдод Монгол Улсын иргэншил олгох зэргийг Ц.Элбэгдорж санаачилсан гэдэг бол, Х.Баттулга Х Богдыг ширээнд нь залах нууц зарлиг ч гаргасан гэгдэж буй. Энэ мэтээр Монголын Х Богдыг тодруулахад Ерөнхийлөгч нарын санаачилга чухал үүрэгтэй байсан гэгдэж буй. Сонирхуулахад, Ерөнхийлөгчид зөвхөн шашны бодлогын зөвлөхтэй байдаг бөгөөд Ерөнхийлөгчийн дэргэд “Шашны асуудал эрхэлсэн зөвлөл” ажилладаг юм. 

Монголын Х Богд

Дэлхийн Буддын шашны гурван өндөрлөг нь Далай лам, Банчин богд, Монголын бурхны шашны тэргүүн Жавзандамб хутагт. Буддын шашны гурван өндөрлөг нэгнээ тодруулдаг заншилтай. Товчхондоо, Монголын X Богд Далай ламын хойд дүрийг тодруулах хэргэмтэй гэсэн үг. Харин Далай лам 2015 онд залгамжлагчгүй буюу хойд дүргүй байх тухай мэдэгдсэн. Ингэсэн тохиолдолд Монголын Х Богд Жавзандамба хутагт дэлхий даяарх буддистуудын хувьд хамгийн чухал шашны тэргүүн ч болж магадгүй юм.