Электрон спортын дэлхийн хамгийн том байгууллага ESL (Electronic Sports League)-ээс жил бүр зохиодог CSGO-ын хамгийн том лиг "ESL Pro League"-ын 17-р улирлын тоглолтод Монголын "IHC Esports баг" оролцоно.
Тус лигт Ази тивийг төлөөлж оролцох сонгон шалгаруулалтад Монголын "IHC Esports баг" оролцож Хятадын "Lynn Vision" багийг 2-1 (Inferno 16-11, Overpass 14-16, Nuke 7-16) харьцаагаар хожсон юм. "ESL Challenger League" буюу доод лигийн 42 дахь улирлын ялагч болж урьдчилсан шатанд оролцох эрхээ аваад байсан IHC Esports "ESL Pro League"-т тоглох монголын анхны баг болж байна. Ази тивийг төлөөлөх эхний эрхийг урьдчилсан шатанд IHC-г хожсон Хятадын "Rare Atom" авсан.
Багийн гарааны тоглогч kabal (Б.Бат-Энх) амралтаа авсан хойгуур сэлгээний тоглогч Bart4k (Б.Баатархүү) үүргээ сайн биелүүлж Blitz (Б.Гарьдмагнай), Techno4K (М.Содбаяр), sk0R (Б.Тэнгис), ANNIHILATION (Н.Түвшинтөгс) нарын хамтаар ирэх сараас дэлхийн шилдэг 24 багийн нэгээр Европыг зорихоор болов. "ESL Pro League Season 17" Мальт улсад хоёрдугаар сарын 22-оос гуравдугаар сарын 26-ны хооронд сарын турш үргэлжлэх ба "FaZe Clan", "G2 Esports", "Heroic", "Team Liquid" зэрэг дэлхийн аваргууд чуулна.