ШУУРХАЙ: С.Батдөлийн "7.3 тэрбумын хэрэг"-т УБТЗ-ын албаны дарга М.Цогт нарыг байцааж, хариуцлага тооцохоор болжээ

ШУУРХАЙ: С.Батдөлийн "7.3 тэрбумын хэрэг"-т УБТЗ-ын албаны дарга М.Цогт нарыг байцааж, хариуцлага тооцохоор болжээ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж, хахуулийн байж болзошгүй 7.3 тэрбум төгрөгийг илрүүлсэн. Мөн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бүхий баримт материалыг хураан авсан байдаг.

Үүнтэй холбоотойгоор прокурорын саналыг үндэслэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ. 

Прокуророос түүнийг "татвар төлөхөөс зайлсхийсэн", "мөнгө угаасан" гэх хэргээр яллагдагчаар татсан.

Мөн мөрдөх байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Батдөлтэй холбоо хамааралтай байж болзошгүй гэх нэр бүхий албан тушаалтнуудаас тайлбар мэдүүлэг авч эхэлсэн байна. 

Тухайлбал, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогт нараас тайлбар мэдүүлэг авахаар болсон гэх мэдээлэл байгаа юм.

Тэрбээр тээвэр зохион байгуулалт хариуцаж, вагон хуваарилдаг гол ажлыг хийдэг эрх бүхий албан тушаалтан аж. М.Цогт нь "Улаанбаатар төмөр зам"-д 22 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Москва хот дахь төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байгаад дээрх албанд томилогджээ. Түүнээс өмнө уг албанд Ц.Лувсан гэх хүн ажиллаж байсан бөгөөд төмөр замтай холбоотой тээврийн хэрэгт түүнийг холбоотой байж болзошгүй гэх хардлага ч байгаа юм. 

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга асан Ц.Лувсан

Ямартай ч Зам тээврийн сайд С.Бямбацогт УБТЗ-ын удирдлагуудад "Ачаа, тээвэр зохион байгуулалт хариуцсан бүх албан тушаалтнуудад хариуцлага тооцох" чиглэлийг өгөөд байгаа юм байна.