Л.Сэржбүдээ: Наадам хэсэж яваад "Мэргэжлийн хонь хяргагч"-ийн сургалтад сууж, шалгараад Шинэ Зеландад суралцахаар ирсэн /ВИДЕО/

Л.Сэржбүдээ: Наадам хэсэж яваад "Мэргэжлийн хонь хяргагч"-ийн сургалтад сууж, шалгараад Шинэ Зеландад суралцахаар ирсэн /ВИДЕО/

Монгол Улс 67 сая мал, 188 мянган малчин өрхтэй. Малын гаралтай бүтээгдэхүүнээ экспортолж, валюттай орон болох хэтийн төлөвлөгөөтэй. Гэвч малчдын амьдалд тоо толгой бүрд татвар, дэмжлэг хэмээх ноос, ноолуурын урамшууллаас өөр дорвитой өөрчлөлт хэдэн арван жил хийгдээгүй гэхэд болно. Тэгвэл хөдөө аж ахуйг дэмжих үүднээс малчдыг чадавхжуулж буй шинэхэн төслүүдээс онцлох нэг нь "Мэргэжлийн хонь хяргагч" хөтөлбөр юм.

ВИДЕО: 

Уг хөтөлбөрийн хүрээнд энэ жил Монголоос хамгийн анхны мэргэжлийн хонь хяргагч бэлтгэхээр дөрвөн малчин шалгаруулж Шинэ Зеланд Улсад суралцуулж буй. Иймд бид энэ удаа "Мэргэжлийн хонь хяргагч"-аар суралцахаар гадаад орныг зорьсон Архангай аймгийн Төвшрүүлэх сумын малчин Л.Сэржбүдээг онцлон ярилцлаа.

2022 оны зургадугаар сард "Share Mongolia"-ын хамт олон Шинэ Зеландын "Мэргэжлийн хонь хяргагч" багш нарын хамтаар Архангай, Завхан, Булган, Дорнод аймгуудаар үнэ төлбөргүй сургалт явуулж тус бүрд нь 15 шилдэг суралцагч шалгаруулж сургалтад хамруулж эхэлжээ. Улмаар сургалтаа амжилттай төгсөж аймаг бүрээс шилдгээр шалгарсан нэг малчинд "Шинэ Зеланд хотод ажиллангаа, суралцах боломжийг олгосон аж. Хөтөлбөрийн онцлог нь мянган хонийг хоёр өдрийн дотор хяргах арга техникийн эзэмшүүлэх юм. Ингэхдээ энгийн хайч биш стандартаар зөвшөөрөгдсөн аюулгүй цахилгаан хайч ашиглах юм байна. Ингээд Мэргэжлийн хонь хяргагчаар суралцаж буй малчин Л.Сэржбүдээгийн ярилцлагаас хүргэе.

-МЭРГЭЛЖЛИЙН ХОНЬ ХЯРГАГЧААР СУРАЛЦАНГАА АЖИЛЛАНА ГЭХЭД ГЭР БҮЛИЙНХЭН МААНЬ ДЭМЖИЖ ГАДНЫН УЛСЫН МАЛ АЖ АХУЙГ ҮЗЭЭД ИР" ГЭЭД ЯВУУЛСАН-

Тэрбээр ярилцлагынхаа эхэнд "Өнгөрсөн оны зургадугаар сард наадам хэсэж яваад Архангай аймгийн Хотон сумын Жарантай рашаан гэдэг газарт үнэ төлбөргүй зохион байгуулж байсан "Мэргэжлийн хонь хяргагч"-ийн сургалтын газар очсон юм. Тэгээд цахилгаан машинаар хяргах, энгийн хайчнаас юугаараа яалгаатайг сонирхож үзээд энэхүү сургалтад суусан. Мянган хонийг гар хайчаар нэг хүн хяргана гэхэд хэцүү шүү дээ. Харин цахилгаан хайчаар сайн хяргавал хоёр өдрийн дотор хяргаж дуусах боломжтой юм байна лээ.

Сургалтдаа суугаад аймгаасаа шалгарч гадаад явж суралцах боломжтой болоход гэр бүлийнхэн маань ч нааштай хүлээж авсан. "Гадаадад мал аж ахуй яаж эрхэлдэг юм байна. Монголоос ямар ялгаатай байна. Ер нь нэг үзэж сонирхоод ирсэн нь дээр байх" гээд явуулсан.

Одоогоор Auckland хотод ирээд яг мал ахуй эрхэлдэг малчдын фермд гурав хоног туршлага судалж байна. Маргааш Шинэ Зеландын Хамилтон хотыг зорьж, тус улсын мэргэжлийн хонь хяргагчидтай хамтарч ажиллахаар болсон" хэмээсэн юм.

-ШИНЭ ЗЕЛАНДАД АЙЛ БҮР ЭДЛЭН ГАЗАРТАЙ. 10 МЯНГААД МАЛТАЙ. МАНАЙ МАЛ АЖ АХУЙГААС НЭЛЭЭД ЯЛГААТАЙ-

-Шинэ Зеландын малчдын аж ахуй эрхлэлт, мал маллагаа Монголын малчин ахуйгаас юугаараа өөр байв. Онцлох хэдэн зүйлс дурдвал?

-Мэдээж маш өөр. Нэгдүгээрт байгаль нь үнэхээр гоё. Гол дуу үхэр, хонь малладаг. Ингэхдээ бидний ирсэн газрын нэг малчин өрх ойролцоогоор 10 мянгаад малтай. Монголчуудын хувьд бэлчээр нь хязгааргүй байдаг. Гэтэл энд айлууд нь тус тусдаа эдлэн газартай. Малын бэлчээрээ тодорхой заагт хувааж хашаалсан байдаг юм байна. Жишээлбэл, хонины хашааг гурав хуваана. Нэг хэсэгт нь хонин хоёр, гурван өдөр бэлчээгээд нөгөө хэсэгт оруулах гэх мэтээр сэлгэж идээшлүүлдэг. Мөн хөдөө аж ахуйг нь тултал нь дэмжсэн. Малчид нь cool. Ерөнхийдөө хангалуун амьдардаг юм байна.

-Сургалтаа дуусгаад Монголдоо ирээд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил байгаа байх. Түүнээсээ сонирхуулбал?

-Хамгийн түрүүнд Монголдоо сайн мэргэшсэн хонь хяргагч болоод очно. Тэгээд малчдадаа туршлага хуваалцаж, суралцсан мэргэжлээрээ ажиллана даа. Нэг гоё санагдаж байгаа зүйл нь малчин залуустаа ийм боломж байдгийг сурталчлан ажлаа танилцуулна. Тэгээд энэ чиглэлээр олон малчин суралцаасай гэж хүсэж байна.

-ХӨДӨӨ ГАРАХ ЗАЛУУС ХОВОРДСОН. УДМАА ЗАЛГАЖ МАЛ АЖ АХУЙ ЭРХЭЛЖ БУЙ БИДЭНД МОНГОЛЫН ХӨДӨӨ СУРСАН МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАНА ГЭДЭГ САЙХАН БАЙНА-

-Хөдөөгийн залуустаа танилцуулах нь гоё санагдаж байна гэлээ. Мэдээж тэр болгон олдохгүй боломж шүү дээ. Тиймээс хөдөө аж ахуй чиглэлээр гадаад улсад ажиллангаа, суралцах болсон өөрийн сэтгэгдлээ хуваалцаад ярилцлагаа өндөрлөе.

-Тэгэлгүй яах вэ. Гайхалтай санагдаж байна. Манай монголд одоо хөдөө амьдардаг залуус ховор болсон. Ерөнхийдөө төв газар барааддаг. Ингэхдээ бас сүүлийн үеийн залуусын мөрөөдөл гадагшаа явж суралцах болсон. Олон сайхан залуус маань гаднын улсад сурч, ажиллаж байна. Гэхдээ хөдөө аж ахуйн чиглэлээр суралцдаггүй. Яг мал дээр гараад хийх ажил боловсролын хүрээнд угаасаа малын эмчээс өөр байхгүй ч байх. Тиймээс энэ хөтөлбөр үнэхээр сайхан боломж байлаа.

Би чинь өв соёл, уламжлалт ахуй, удмаа залгуулж заавал хөдөөгөө мал аж ахуйгаа эрхэлж буй монгол залуусын нэг. Буцаад монголдоо хөдөө ажиллах боломжтой мэргэжлээр сурч байгаа нь сайхан боломж. Бусад малчин залуустаа ч мөн уриалмаар байна. Монголд өвөл болж байхад гурван сар дулаан оронд буюу Шинэ Зеланд Улсад ирээд ажиллах нөөц бололцоо энд байна шүү.

Энд ирж ажиллаад монголд зун болоход монголдоо очоод ажиллах бололцоотой. Бидэнд тохирсон сайхан боломж гэж хэлмээр байна. Мөн "Share Mongolia"-ийн хамт олон, гэр бүл, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа гэж хэлье.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсэе.

-Та бүхэнд бас маш их баярлалаа.

ФОТО: 




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө