“Улс төрчид ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу шилжүүлж буулгах ёстой хэмээн иргэдээс оноо авах сэдэв болгож байна”

“Улс төрчид ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу шилжүүлж буулгах ёстой хэмээн иргэдээс оноо авах сэдэв болгож байна”

Өнгөрсөн 2.8 жилийн хугацаанд ипотекийн зээл төлөлтийг хойшлуулсан иргэд энэ сараас төлж эхэлнэ. Зээл төлж эхлэхтэй холбоотойгоор 8 хувийн зээлийг 6 хувь болгох хүлээлтийг улс төрчид иргэдийн дунд бий болгосон. Харин бодит байдал дээр хүүг буулгах боломжтой юу.

Энэ талаар зарим улстөрчид хэлэхдээ 6 хувь болгох боломжтой гэж буй бол эдийн засагчид үгүйсгэж байна. Тодруулбал, эдийн засагчид хэлэхдээ "Ипотекийн зээлийн хүү 6 хувь байгаа нь арилжааны нөхцөлтэй зах зээлийн хүүтэй зээл биш. Хөнгөлөлтэй хүүтэй хөтөлбөрийн зээл юм. 2013 оноос хөнгөлөлтэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр эхэлсэн. Тухайн үед зээлийн хүүгийн хэмжээг жилийн 8 хувь байхаар Монголбанк, Засгийн газар тогтоосон. Хөтөлбөр эхлэхээс өмнө ипотекийн зээлийн хүү үүнээс илүү өндөр байсны санах хэрэгтэй. Цар тахлын үед буюу хөтөлбөрт өөрчлөлт орж 2020 оны 10 сараас олгож эхэлсэн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулсан. Энэ үеэс 8 хувийн зээлтэй иргэд 6 хувь руу шилжүүлэх хүсэлтийг илэрхийлж эхэлсэн. Харин улс төрчид зээлийн хүүг буулгах ёстой гэсэн мэдэгдэл хийж иргэдээс оноо авах сэдэв болгосон. Үүнээс үүдэн иргэдийн дунд хүлээлт бий болсон. Нэгэнт олгосон зээлийг хүүг буурал боломжтой мэт боловч үүнийг хэрэгжүүлэхэд гарах эх үүсвэрийг шийдвэрлэх ёстой болно.

Ипотекийн 8 хувийн зээлийн эх үүсвэрийн 60 хувийг нь Монголбанк, 40 хувийг нь арилжааны банк гаргасан. Энэ эх үүсвэрүүд тухай үед өөрийн өртөг зардалтай, зах зээлийн хүүгээс бага хүүтэй зээлийг олгосон гэсэн үг. Нэгэнт олгосон зээлийг 2 хувиар бууруулаа гэхэд тэр хүүний зөрүү буюу зардлыг хэрхэн шийдэх асуудал гарч ирнэ. Зээлийн хүүг бууруулахад 400 гаруй тэрбум төгрөгийн зардал гарах к тооцооллыг Монголбанк хийсэн байдаг. Харамсалтай энэ зардлыг улсын төсөвт суулгаагүй. Иймд хүүг бууруулах ажил боломжгүй болсон аж. Улс төрчдийн эдийн засгийн тооцоогүй амлалт иргэдэд хоосон горьдлого төрүүлсээр. Шийдвэр гаргагчид нэг гараараа даллаад нөгөө гараагаа эсрэг үйлдэл хийдгийн тод жишээ" гэж дүгнэж байна.