Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельгийн Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргажээ

Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельгийн Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргажээ

Бельги Улсад Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг ашиглахыг хүлээн зөвшөөрч арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлжээ. 

Тодруулбал, Бельгийн Хаант Улсад оршин суугаа ЭСЯ иргэдийнхээ хууль ёсны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, аж амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд  Бельгийн талтай яриа хэлэлцээг явуулсны дүнд 2022 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Бельгийн Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргав.

Бельгийн Засгийн газрын дээрх шийдвэр нь манай иргэдийн жолооны дамжаанд суралцах цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхэд бодит хувь нэмэр оруулах ба цаашилбал улс дотор болон улс хооронд тээврийн үйлчилгээ хийх зэрэг амьжиргаа, ажил эрхлэлтийг дэмжсэн чухал алхам боллоо. 
Европын Холбооны орнуудаас Бельги Улс манай жолоодох эрхийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрсөн анхны улс болсон бөгөөд Нидерланд, Люксембург Улсуудад мөн хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна гэж Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.