Х.Нямбаатар: Э.Одбаяр нарыг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ял оноогоогүй

Х.Нямбаатар: Э.Одбаяр нарыг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ял оноогоогүй

Засгийн газрын өнөөдрийн /2022.11.09/ ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг танилцуулж байна. Тухайлбал, Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Нүүрсний гэх хэргүүдийг шалгаж дуусч буй бөгөөд тун удахгүй шүүхэд шилжүүлнэ. Нэлээн олон холбогдогчтой хэрэг шүүхэд шилжинэ. Энэ нь олон хүний эрх ашгийг хөндөж байх шиг байна. Үүнд соргог хандаарай гэж уншигчдаасаа хүсч байна. Түүнээс гадна өчигдөр анхан шатны шүүхээр  /2022.11.09/ иргэн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шүүх хуралдааны шийдвэр гарч, Э.Одбаярт нэг жил хоёр сар, бусад дөрвөн хүнд нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэн Э.Одбаяр нарыг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээр өгүүллээ гэсэн  ташаа мэдээлэл гарч байна.

Тодруулбал, нэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл буюу худал мэдээлэл тараах, нөгөөх нь эрүүгийн хуулийн 23.1 буюу хуулийн сахиулагчийг эсэргүүцэх гэсэн хоёр зүйл ангиар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссан хэрэг нь 2022 оны долдугаар сарын 8-нд шүүхэд шилжсэн байдаг.

Болсон үйл явдлыг сэргээж хэлбэл, 2022 оны хоёрдугаар сард Дорнод аймгийн Чойбалсан суманд иргэн С-ийг автомашинаар дайрч байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд  С-ийг автомашинаар санаатай мөргөөд, амь биед нь аюултай нөхцөл байдалд тусламж үзүүлэлгүй орхиж зугтаасан байна гэдэг мэдээлэл тарсан.

Тухайн үед МАН-ын хуулийн хэлтсээс хүнийг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулсан мэдээлэл гарсныг цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг өгсөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд болон өмгөөлөгчийн зүгээс ийм үйлдэл гаргаагүй. Цаад үр дагавар нь урхагтай үйлдэл буюу хүнийг санаатай дайраад тусламж үзүүлэлгүй зугтсан хэргийг Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд үйлдсэн байна гэх мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацсаныг шалгуулах нь зүйтэй гэж үзээд шалгуулсан байдаг.

Дараа нь 2022 оны дөрөвдүгээр сард ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорих шийдвэрээр хоригдох гэж байсан иргэн Д.Монголхүүг Э.Одбаяр нарын дээрх таван хүн цагдан хорих байрны журам дэглэмийг зөрчиж, ажилтных нь эрх чөлөөнд халдаж улмаар уг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэн авч гарсан үйлдэл нь цагдаагийн байгууллагад шалгагдсан.

Энэ хоёр хэрэг нэгтгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр хэрэг нь шүүхэд шилжиж, өчигдөр шийдэгдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1.1 гэдэг нь хууль сахиулагчийн биед халдаж, эсэргүүцэх гэдэг бие даасан гэмт хэрэгтэй. Уг хэрэгт хуулиар торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай хэрэг юм.

Шүүхийн шийдвэр албажиж ирээгүй ч энэ мэдээллийг олон нийтэд өгөх нь зүйтэй. Яллах дүгнэлтийнх нь хүрээнд энэ мэдээллийг өгөх нь зүйтэй юм. Э.Одбаяр нарын таван хүнийг хууль сахиулагч нарыг эсэргүүцсэн үйлдэл дээр нь шүүхээс өөрсдийн оршин суугаа дүүргээсээ нэг жилийн хугацаанд гарахгүй байх, зорчих эрхийг хязгаарлах ял оноосон. Мэдээж шүүхийн шийдвэр албажсанаар шүүгдэгчийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах шүүхэд гомдол гаргах эрх нь үүснэ. Харин одоогоор ямар нэг байдлаар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг хоморголон барьж хорьсон гэдэг нь ташаа мэдээлэл. Энэ хүмүүсийн хийсэн үйлдэл нь хууль сахиулагчийн үйлдлийг эсэргүүцсэнтэй холбогдож байна" хэмээн онцоллоо.

ҮЗЭХ