БАРИМТ: "Усан парк" барина гэж хашаалаад ОРОН СУУЦ барьж эхэлсэн компанид Б.Мөнхбаатар сайд саяхан бүх зөвшөөрлийг нь олгожээ

БАРИМТ: "Усан парк" барина гэж хашаалаад ОРОН СУУЦ барьж эхэлсэн компанид Б.Мөнхбаатар сайд саяхан бүх зөвшөөрлийг нь олгожээ

Энхтайваны гүүрний зүүн талд Дунд гол урсдаг хэсэг газарт “Эм энд Жи” констракшн гэх компани 11.8 га газрын зөвшөөрөл авч эцэстээ 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.  Тэгвэл Барилга хот байгуулалтын яам /БХБЯ/-наас  “Эм энд Жи” констракшн гэх компанид "барилга барих зөвшөөрөл" олгосон зэрэг баримтыг бид энэ удаад дэлгэж байна. 

ВИДЕО:

БХБЯ-наас олгосон зураг төслийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

Барилга хот байгуулалтын яамнаас

  • 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдөр "МОГҮМБ констракшн" ХХК-д Онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төслийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна. Уг тусгай зөвшөөрөлд үйлчилгээтэй 25 давхар орон сууцны цогцолборын А,В,Г блок барилгын ажил зэргийг тодотгожээ.
  • 2022 оны долдугаар сарын 04 /2022.07.04/-ны өдөр барилгын ажил гүйцэтгэгч болох “БҮТИ” ХХК-д онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, дотор инженерийн сүлжээний угсралт, шинэчлэлийн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ. Тус тусгай зөвшөөрөлд үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төсөл гэдгийг тодотгож, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гарын үсэг зуржээ. 
  • 2022 оны долдугаар сарын 07 /2022.07.07/-ны өдөр ”Эм Энд Жи констракшн” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны цогцолбор барилгад 002/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгожээ. Тус зөвшөөрөлд 29 мянган м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрхийн 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт гурван блок, 24 давхар зоорьтой худалгаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор, орон сууц барих зориулалтаар олгосон гэх мэдээлэл багтжээ. 

БХБЯ-наас олгосон ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

Хачирхалтай нь Барилга хот байгуулалтын яамнаас олгосон эл барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний онцгойлон заах нөхцөлд "Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйл "Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол"-ыг ханган ажиллах" хэмээн заажээ. Тус хуулийн заалтыг сөхөж үзвэл

Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйл. Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол

7.2.Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно гэж заасан байх аж. 

БХБЯ-наас олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ

Өөрөөр хэлбэл, Усны тухай хууль зөрчиж, Дунд голын усны голдирлыг алдагдуулах эрсдэлтэй “Эм энд Жи” констракшн ХХК-д Барилга хот байгуулалтын яам усан парк барих бус үйлчилгээтэй орон сууцны барилга барих зэрэг бүх зөвшөөрлийг нь барилгын ажил хэдийнээ эхэлсэн хойно ийнхүү олгосон байх аж. Мөн дээрх барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд "Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол"-ыг ханган ажиллах" хэмээн заасан нь Барилга хот байгуулалтын яам нийтийн болон гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөж буй газарт зөвшөөрөл олгосон буруугаа эл заалтаар нотолж байх шиг. Нөгөөтээгүүр, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нийслэлчүүд цаашлаад Туул, Дунд голоос эх авч ундаалдаг нийт монголчуудын эрх ашиг зөрчигдөх хэмжээнд яригдаж буй Усан паркийн гэх тодотголтой барилгын зөвшөөрлийг олгосон нь түүнийг эл барилгатай ямар нэгэн байдлаар эрх ашгийн зөрчилтэй юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

48 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

49 минутын өмнө