СУРВАЛЖИЛГА: Цахим бүртгэлийн системийн сүлжээнд доголдол гарч, иргэд Хавдрын эмнэлгээс үзлэгийн цаг авч чадахгүйд хүрчээ

СУРВАЛЖИЛГА: Цахим бүртгэлийн системийн сүлжээнд доголдол гарч, иргэд Хавдрын эмнэлгээс үзлэгийн цаг авч чадахгүйд хүрчээ

Өнгөрсөн даваа гарагт эрүүл мэндийн даатгалын программ гацсанаас үүдэн иргэд эмнэлэгийн тусламж, үйлчилгээг цаг тухайд нь авч чадахгүй байгаа талаарх мэдээлэл гарсан. Тодруулбал, 2-3 сарын өмнө эмнэлэгт цаг авсан байсан иргэд үзүүлж чадахгүй буцах, эмч өвчтнүүдийн хооронд үл ойлголцол үүсэх цаашлаад иргэд эрүүл мэнд, цаг заваараа хохирч байгаа талаар ярьж байгаа юм.

ХСҮТ-ийн хувьд өдөртөө 2000 гаруй иргэдэд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг манай улсын хамгийн ачаалалтай эмнэлгүүдийн нэг. Гэвч цахим системийн доголдлоос үүдэн иргэдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх, иргэдэд шуурхай цаг олгох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

ВИДЕО: 

-СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ ХЭЗЭЭ ХИЙГДЭЖ ДУУСАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА. ХИЙГДЭЖ ДУУСАХААР Л ГАЦАЛТ ГАЙГҮЙ БОЛОХ БАЙХ-

Энэ талаар ХСҮТ-ийн Даатгал, статистикийн албаны дарга Г.Норовоо “Эмнэлэгийн үйлчилгээ бүрэн цахимжсан. Энэ утгаараа эрүүл мэндийн байгууллагын цахим систем ажиллахгүй бол эмчилгээ, үйлчилгээ дагаад зогсдог гэсэн үг. Өнгөрсөн даваа гарагт гарсан сүлжээний доголдол бол ЭМДҮЗ-ийн 2024/04/01 өдрийн 06-р тогтоолын дагуу цахим системд хөгжүүлэлт, шинэчлэлт хийж буй ажилтай холбоотой үүссэн.

Эмнэлэгийн байгууллага зөвхөн эрүүл мэндийн даатгалын системээс гадна E-Mongolia, нийгмийн даатгал зэрэг олон программуудаас нэгэн зэрэг мэдээлэл авч, солилцож ажилладаг учраас эдгээрийн нэг нь гацвал дагаад сүлжээний доголдол, удаашрал үүсдэг гэж ойлгож болно. Иргэд дан ганц манай эмнэлэгийн дотоод сүлжээ гацсанаас үүссэн асуудал гэж буруугаар ойлгож, эмч, сувилагчдад уурлах тохиолдол их гарч байна. Одоогоор сүлжээний асуудал хэвийн байна. Гэвч хөгжүүлэлт хийж байгаа учраас дахин гацах тохиолдол гарч болзошгүй. Энэхүү хөгжүүлэлт, шинэчлэлтийн ажил хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй байна. Тиймээс иргэд энэ асуудлыг ойлгож, хүлээцтэй хандахыг хүсч байна” гэв.

-ХСҮТ-ИЙН УТСАНД ӨДӨРТ 800 ГАРУЙ ИРГЭД ҮЗЛЭГИЙН ЦАГ АВАХААР ХАНДДАГ-

ХСҮТ-ийн Шуурхай мэдээллийн албаны ажилтан Л.Алтанчулуун “Бид өдөрт 800 гаруй дуудлага хүлээж авдаг. Энэ дуудлагуудынхаа 80 гаруй хувьд нь цаг олголт өгч ажилладаг. Гэвч энэ сүлжээний асуудлаас болж иргэд маш бухимдалтай байна. Өчигдөр хөдөө, орон нутгаас залгаж цаг авч байгаа иргэд энэ асуудлаас болж цагаа авч чадалгүй утсаа тасалж байна. Ингэхдээ бидэн рүү маш их бухимдаж байгаа. Бид аль болох чадахаараа л цагаа өгч ажиллаж байна. Энэ цахим системийн ажил хурдан дуусаасай л гэж бодож байна” гэх мэдээллийг өглөө.

Харин иргэдийн зүгээс “маш их ачаалалтай байна. Дөрөвдүгээр сараас авхуулаад энэ цахим системийн асуудал эхэлсэн. Цагны оочер дараалал ч гэсэн маш хүнд байна. Хагалгаанд орсон хүмүүс үргэлжлүүлээд эмчилгээгээ хийлгье гэхээр сарын дараа цаг байна гэдэг. Тэр хугацаанд иргэд хугацаа, мөнгө санхүү гээд олон зүйлээ алддаг. Мөн давтан үзүүлэх иргэд, шинээр цаг авсан иргэд хамт оочерлож үзүүлж байгаа нь их хүндрэлтэй байна. Маш олон хүнд ганцхан эмч ногдож байна. Ачааллаа дийлэхгүй байна. Энэ мэтчилэн эрүүл мэндийн байгууллагууд системтэйгээр иргэдэд хүрч ажилламаар байна” гэж мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө