МУИС-ийн багш нар уушгины халдварт өвчтэй хүнийг 10 секундэд илрүүлдэг системийг зохион бүтээж байна

МУИС-ийн багш нар уушгины халдварт өвчтэй хүнийг 10 секундэд илрүүлдэг системийг зохион бүтээж байна

МУИС-ийн ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн багш Ө.Батбаяр Япон улсад уушгины халдварт өвчтэй хүмүүсийг илрүүлэх системийг хөгжүүлж байна.

Системийн талаар тодруулбал, энгийн өнгөт камер, гүний (depth) буюу 3 хэмжээст дүрс үүсгэж харах камер, дулааны камер гэсэн 3 дүрсийн мэдрүүлүүдийг ашиглан хүний зүрхний лугшилт, амьсгалын тоо, биеийн дулаан гэсэн 3 амин үзүүлэлтийг хэмжиж, энэ хэмжилтүүд дээр үндэслэн тухайн хүнийг уушгины халдвартай эсэхийг хиймэл оюуны машин сургалтын аргад тулгуурлан тодорхойлох систем юм. Энэхүү оношлуурыг хэмжээний хувьд авсаархан, зөөврийн, хөдөлгөөнт зарчимд суурилж бүтээжээ. 

Төхөөрөмжийн гаднаас харагдах байдал.

Гаднаасаа таблет шиг харагдах бөгөөд хэмжээ нь ч таблеттай адил байх аж. Сонирхолтой нь “Ковид-19” нь нэг төрлийн уушгины халдварт өвчин учир уг төхөөрөмж халдварыг илрүүлэх боломжтой гэнэ. Гэхдээ яг Ковид-19-ийн халдвартай байна гэдгийг хэлэх боломжгүй. Харин ямар нэг уушгины халдвар авсан байгаа эсэхийг таамаглана. Тодруулбал, систем нь хиймэл оюуны тусламжтай хүний нүдээр ажиглах боломжгүй шинж тэмдгүүдийг илрүүлэх юм. 

Эхний байдлаар  хийсэн туршилтад 300 орчим хүний /150 эрүүл хүy, 150 нь Ковид-19-өөр өвчилсөн иргэд/ өгөгдөл дээр систем 90-ээс дээш хувиар халдвартай хүмүүсийг зөв илрүүлсэн үр дүн гарсан талаар Ө.Батбаяр багш онцолжээ. 

Түүнчлэн энэхүү систем нь интернэтэд холбогдон ажиллах чадвартай бөгөөд энэ нь нэг дор халдварын шинж тэмдэг бүхий олон хүн байгаа эсэхийг хоромхон зуурт мэдэх боломжтой.




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө