Ерөнхийлөгч Х.Баттулгаас уяатай УИХ-ын гишүүдийн СУУЛТ үргэлжилж, АН-ын тамганы шүүх хурал зарлагджээ

Ерөнхийлөгч Х.Баттулгаас уяатай УИХ-ын гишүүдийн СУУЛТ үргэлжилж, АН-ын тамганы шүүх хурал зарлагджээ

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй гэсэн тул Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганбат нарын зургаан гишүүн, мөн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийт найман гишүүн энэ сарын 05-ны өдрөөс эхлэн улс төрийн суулт зарлаж эхэлсэн.

Тэд энэ тэмцлээ анх “өлсгөлөн” гэж байсан ч энэ сарын 07-ны өдөр зогсоож, улс төрийн суулт болгох хүсэлтээ Эрүүл мэндийн зохих байгууллагад гаргасан байгаа юм. Мөн энэ хугацаанд Д.Ганбат, А.Адъяасүрэн нар эрүүл мэндийн шалтгаанаар Сүхбаатарын талбайг орхижээ.

Харин эдгээр гишүүдийн тэмцлийн ард Ерөнхийлөгч Х.Баттулга байж болзошгүй гэж буй юм. Учир нь тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахаар УИХ дахь АН-ын гишүүдийн суултыг хийлгэж байна гэж  зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга талбай дээр ирж эдгээр гишүүдтэй уулзах үеэрээ “хэвлэл мэдээлэл ийм олон байна гэж бодоогүй. Ил бишээр санал солилцох асуудал байна” гэж ярьсан нь дүрс бичлэгт үлдсэн юм.

Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд “халдварын улмаас иргэд амиа алдаж, зарим аж ахуй нэгжүүд дампуурч, иргэд ажлын байргүй болж байхад эдгээр гишүүд яагаад өлсгөлөн зарлаж, сөрөг хүчний ажлаа хийгээгүй вэ” гэсэн асуултыг УИХ дахь АН-ын гишүүдэд зарим иргэд тавьж эхлээд байна.

Тэгвэл Ц.Туваан, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ж.Батсуурь, С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарын нийтзургаан гишүүн нийт таван шөнийг Сүхбаатарын талбайд өнгөрөөж, өнөөдөр зургаа дахь өдрөө “улс төрийн суулт”-аа үргэлжлүүлэх ажээ. Мөн өнөөдөр тус намын бүлгийн хурал ч тус газарт болох юм байна. Харин Ц.Тувааны хэрэглэж байсан АН-ын тамгыг УБЕГ-аас хүчингүй болгосон шийдвэр болоод Ц.Туваан нь тус намыг төлөөлөх эрхгүй гэсэн хоёр нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр /2021.05.10/ нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд зарлагдсан байна.




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө