УИХ-аас Ц.Анандбазарыг хамгаалж, эргүүлэн татах асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй гэжээ

УИХ-аас Ц.Анандбазарыг хамгаалж, эргүүлэн татах асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй гэжээ

"Ме too" хөдөлгөөн болон сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг эргүүлэн татах асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд шаардлага хүргүүлсэн. 

УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд Ц.Анандбазарын асуудлыг байнгын хороогоороо хэлэлцэх үүргийг Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өгсөн. Уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж УИХ-ын даргын хувьд үзэж буйгаа парламентын албан ёсны фэйжээр дамжуулан мөн илэрхийлсэн. 

Тэгвэл өнгөрөгч баасан гарагт хуралдсан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс ирэх долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлыг батлахдаа Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой асуудлыг оруулаагүй байна. 

Асуудлыг өргөн барьсан хугацаа, дарааллын хувьд авч үзвэл Ц.Анандбазарын асуудлыг хэлэлцэх болсон. Гэтэл УИХ-ын холбогдох байнгын хороогоор яагаад түүний асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулаад байна вэ гэдэг нь анхаарал татаж байна. Энэ талаар Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Өдрийн сонин”-ны 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний дугаарт өгсөн ярилцлагадаа маш тодорхой ярьжээ. Тодруулбал тэрбээр “Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа бол үүнийг ёс зүйн хүрээнд шийдэхгүй бөгөөд эрүүгийн гэмт хэрэг шалган шийдвэрлэдэг журмаар хуулийн байгууллагууд шийдвэрлэх учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд УИХ хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглодог. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийн тухайд иргэний хүсэлтээр манай байнгын хороо шийдвэрлэх боломжгүй” гэжээ.

Тэгэхээр УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар уг асуудалд хуйвалдааны шинжтэй оролцож асуудлыг хаацайлж байна уу.