Францын талаас “Airbus ЕС-145” нисдэг тэргийг ашиглах зааврыг ОБЕГ-т хүлээлгэн өгчээ

Францын талаас “Airbus ЕС-145” нисдэг тэргийг ашиглах зааврыг ОБЕГ-т хүлээлгэн өгчээ

Францын төрийн сангийн зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийн хүрээнд Францын “Хэли-Юнион” компаниас  “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг нийлүүлэхээр болсон.

Тэгвэл өчигдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Филипп Мэрлин болон тус улсын Иргэний аюулгүй байдал, ослын удирдлагын ерөнхий зөвлөлийн шинжээч ноён Мишель Пьер нарыг хүлээн авч уулзаж төслийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцжээ.

Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулагдаж, EC-145 маркийн 3 нисдэг тэрэг, сургалтын 1 нисдэг тэрэг болон сургалтын симулятор нийлүүлэгдэж, нисгэгч, инженер-техникийн ажилтан, аврагч нар бэлтгэгдэх аж.  

Энэхүү төслийн хэрэгжилтийн явцтай танилцах, агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгжтэй холбогдолтой дүрэм, журмыг боловсруулах чиглэлээр зөвлөмж гаргах, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор Францын Иргэний аюулгүй байдал, ослын удирдлагын ерөнхий зөвлөлийн шинжээч ноён Мишель Пьер 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллалаа. Мөн Ноён Мишель Пьер тус онгоцыг ашиглан агаараас эрэн хайх, аврах нэгжийн Үйл ажиллагааны заавар болон Онцгой байдлын ерөнхий газрын нисдэг тэрэгний ашиглалтын зааврыг боловсруулан, зөвлөмж өгч ажиллажээ. Онгоц ашиглах, хэрэглэх заавар зөвлөмжүүдийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Францын талаас ОБЕГ-т өгч буй "Airbus EC-145" загварын нисдэг тэрэг