Хилийн боомт бүхий аймгийн удирдлагууд агаарын хил нээх хугацааг хойшлуулахыг хүслээ

Хилийн боомт бүхий аймгийн удирдлагууд агаарын хил нээх хугацааг хойшлуулахыг хүслээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймгийн Засаг дарга нартай цахим уулзалт хийж, коронавирусын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар болон цаг үеийн нөхцөл байдлын бусад асуудлаар мэдээлэл солилцлоо. 

Энэ үеэр Өмнөговь, Дорнод, Дорноговь зэрэг хилийн боомт бүхий аймгийн удирдлагууд халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр сахиж ажиллахыг Шадар сайд анхааруулсан бол аймгийн Засаг дарга нар дотооддоо гарсан халдварын тархалтыг хумих чиглэлээр эрчимжүүлж байгаа арга хэмжээгээ үр дүнд хүргэх үүднээс агаарын хил нээх асуудлыг хойшлуулах санал хүсэлт илэрхийлэв.

Мөн аймаг, орон нутгийн төсөвт тодотгол хийх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Бүх нийтийн хөл хориог сунгаж, вакцинжуулалтыг эрчимжүүлж эхэлсэн энэ үед халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай байгааг онцлоод халдвар батлагдсан бүс нутагт нь тусгаарлан эмчлэх, шаардлагатай тохиолдолд эмнэлзүй, шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн багууд газар дээр нь очиж ажиллах бэлтгэл ажлыг хангах чиглэлийг аймгийн Засаг дарга нарт өглөө.