Европын Холбоо “АстраЗенека” компанийг шүүхэд өгөхөө мэдэгдэв

Европын Холбоо “АстраЗенека” компанийг шүүхэд өгөхөө мэдэгдэв

Европын Холбоо Их Британийн “АстраЗенека” компанийг гэрээнд заасан хугацаанд вакцин нийлүүлээгүй, цаг тухайд нь хүргэлт хийх “баталгаатай” төлөвлөгөө гаргаагүй гэсэн үндэслэлээр шүүхэд өгөхөө мэдэгджээ.

Европын Комиссын төлөөлөгчийн мэдээлснээр энэхүү үйл ажиллагааг баасан гарагт эхлүүлсэн бөгөөд 27 гишүүн улс бүгд дэмжиж байгаа юм байна. 

Өнгөрсөн оны наймдугаар сард Европын Холбоо “АстраЗенека” вакцины 300 сая тунг авах гэрээ байгуулж байв. Гэсэн ч “АстраЗенека” үйлдвэрлэлийн хүчин чадлаас үүдэлтэйгээр гэрээнд заасан тунгийн хэмжээг багасгахаас өөр аргагүй хэмээн мэдэгдэж байсан. Тус компани 2021 оны эхний улиралд хүргэхээр төлөвлөсөн 80 сая тунгаас 30 орчим саяыг нь нийлүүлсэн байна. Харин хоёрдугаар улиралд анх тохиролцсон 180 сая тун вакцинаас 70 сая тунг өгөхөөр болжээ. 

Холбооны хэвлэлийн төлөөлөгч “АстраЗенека гэрээний нөхцөлүүдийг үл хүндэтгэсэн. Бид гэрээнд тусгасан хангалттай хэмжээний тунг хурдан хугацаанд гишүүн орнууддаа хүргэхийг хүсэж байна” гэжээ.

Түүнчлэн ЕХ-ны өөр нэгэн албан тушаалтан “Ройтерс” агентлагт “Бидний энэхүү алхам нь Паскал Сориотод /”АстраЗенека”-ийн гүйцэтгэх захирал /"мессеж илгээх" зорилготой” гэжээ. Харин “АстраЗенека” компани Европын Холбооны үйлдлийг “ямар ч ач холбогдолгүй” хэмээн мэдэгдэж, “шүүх дээр өөрсдийгөө хүчтэй хамгаална” гэдгээ илэрхийллээ. 

Хуулийн арга хэмжээ авахаа мэдэгдсэн нь хоёр талын маргаан улам хурцдаж буйг харуулж байна.

Эх сурвалж: CNN