Ирэх тавдугаар сараас аймгуудад вакцинжуулалт эхлэх тул бэлтгэлээ хангахыг даалгажээ

Ирэх тавдугаар сараас аймгуудад вакцинжуулалт эхлэх тул бэлтгэлээ хангахыг даалгажээ

Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар төрийн ордны их танхимд өчигдөр боллоо. Уулзалтад Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар оролцож  КОВИД-ын цар тахалтай тэмцэх ажилд Засаг дарга нарын ажлын хариуцлага, хяналт  хурд, мэдрэмж дутагдаж байгааг онцолсон байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Бүх зүйлийг Засгийн газарт, Улсын Онцгой комисст даатгаад суудаг байж таарахгүй. Халдвартай нь тогтоогдсон иргэдийг орон нутагтаа тусгаарлаж, хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг орон нутагтаа эмчлэх шаардлагатай байна. Үүний тулд аймаг, сумдын боловсон хүчнээ чадавхжуулах, эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой байдлын алба хаагчдыг аюул эрсдэлгүй нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгож байна” гэв.

Мөн аймаг орон нутагт коронавирусийн эсрэг вакцинжуулалт ирэх тавдугаар сараас эхлэхээр болжээ. Иймд орон нутаг дахь түргэвчилсэн оношлуур, PCR шинжилгээний төхөөрөмжийн хүрэлцээ, нөөц бололцоогоо тодорхойлж, нэн шаардлагатай зүйлсийн жагсаалтыг гаргаж бэлтгэл ажлыг сайтар хангахыг Засаг дарга нарт даалгасан байна.