Оюу толгойн ТУЗ-ын гишүүн Э.Баясгалан Монголд биш АНУ-д амьдардаг уу

Оюу толгойн ТУЗ-ын гишүүн Э.Баясгалан Монголд биш АНУ-д амьдардаг уу

Өнгөрсөн лхагва гарагт /2021.02.03/ УИХ-ын гишүүн С.Ганбаатар, эдийн засагч Ч. Отгочулуу нар “Дубайн гэрээг цуцлах ёстой” сэдвээр мэтгэлцсэн.

Энэ үеэр эдийн засагч Ч.Отгочулуу Оюу толгойн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн гишүүдийн талаар ярьсан нь олны анхаарлыг татсан юм. Тодруулбал, тэрбээр “Оюу толгойн ТУЗ-ийн гишүүдийг яг үнэндээ ойлгохгүй байгаа. Жишээлбэл, Н.Багабанди гуай ажил дээрээ очдог гэж бодохгүй байна. Ерөнхийлөгч байсан хүн Эрдэнэс Оюу толгой дээр очоод мэргэжилтнүүдийн дунд сууна гэдэгт итгэхгүй байна. Мөн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан Нью-Йоркод амьдардаг. Монголд ирэлгүй хэдэн жил болсон хүн Монголын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл зэрэг зүйлийн талаар ямар ч ойлголтгүй байна лээ. Тэгэхээр яаж бүтэн жил энэ ажлыг хянахыг мэдэхгүй байна” гэсэн юм.

-ТУЗ-ИЙН ГИШҮҮН ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ-

Оюу Толгойн ТУЗ нь есөн гишүүнээс бүрддэгээс гурван гишүүнийг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог. 2010 онд ТУЗ-ийн анхны гишүүнээр Н.Багабанди сонгогдож байсан бөгөөд 2016, 2020 онуудад улиран томилогдсон. Харин "Аспайр майнинг" компанийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир, "J.P Morgan"-д татварын аналистаар ажиллаж байсан Э.Баясгалан нарыг өнгөрсөн оны аравдугаар сарын 29-ны өдөр шинээр томилсон юм.  

Чухамдаа ТУЗ-ийн гишүүд Оюу толгойн бүхий л асуудалд Монголын эрх ашгийг төлөөлөн “дуугарах” учиртай. Мөн 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Оюу толгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төсөл батлагдсантай холбоотойгоор тус гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хангуулах үүрэг ТУЗ-ийн гишүүдэд ногдож буй.

Өнгөрсөн оны есдүгээр сарын 15-ны өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-д төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүн нэр дэвших этгээдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг нийтэд зарласан. Тухайн үед нэр дэвшигчдэд нийтлэг болон тусгай шаардлага тавьж байв. Тухайлбал,

  • Геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;
  • Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай;
  • Уул уурхайн томоохон төслүүдтэй холбогдуулж геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай;
  • Зэс, алтны ордод ажилласан туршлагатай, уул уурхайн төслийн хөрөнгө оруулалт, зардлын хяналтыг хэрэгжүүлэх туршлагатай бол давуу тал болно гэж байв.

Тэгвэл Э.Баясгалан нь Чикагогийн их сургуулийн Бизнесийн сургуульд магистр хамгаалсан, 2008-2013 онд "South Gobi sands"-т, 2015 оноос хойш "J.P Morgan"-нд ажиллаж байсан аж.

Эдийн засаг Ч.Отгочулууны хэлснээр “Монголд ирэлгүй хэдэн жил болсон, Монголын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл зэрэг зүйлийн талаар ямар ч ойлголтгүй хүн Оюу толгойн асуудалд Монгол Улсыг төлөөлж чадах уу гэдэгт  олон хүн эргэлзэж буйгаа хэлж байна. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Э.Баясгаланг тухайн үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилсон байх өндөр магадлалтай гэж байна.




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө