ВИДЕО: Галын машин орох зайгүй, төлөвлөлтгүй барилгаас болж 48 настай эрэгтэй амиа алджээ

ВИДЕО: Галын машин орох зайгүй, төлөвлөлтгүй барилгаас болж 48 настай эрэгтэй амиа алджээ

Энэ сарын 5-ны өдөр /2020.10.05/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 4 дүгээр орцонд гал түймэр гарч 48 настай эрэгтэйн амь нас эрсэджээ. Тухайн үед түймэр гарсан гэх дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын алба хаагчид шуурхай очсон боловч галын машин явах зайгүй, төлөвлөлтгүй орон сууцны барилгуудаас болж аврах ажиллагаанд хүндрэл учирч улмаар уг харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах 26 дугаар ангийн алба хаагчид дуудлагыг 23:10 цагт хүлээн авч, 5 км замыг 8 минутад туулан 23:18 цагт шуурхай очжээ.

Гэсэн хэдий ч галын машин орох зайгүй байснаас аврах ажиллагаа удааширч, энэ хооронд тус байрны оршин суугч 48 настай эрэгтэй Х угаартаж амь насаа алдсан байж болзошгүй байна. Мөн нөгөө өрөөнд нь түүний бага насны хүү байсныг эсэн мэнд гарган авчээ. Улмаар онцгой байдлын алба хаагчид талийгаачийн цогцсыг дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бие бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Төлөвлөлтгүй барилга, замбараагүй газар олголт, галын, түргэний машин орох зайгүй орон сууцуудаас болж хүний амь нас харамсалтайгаар эрсдэх тохиолдол нэг бус удаа гарч байгаа юм.