СЕХ-ны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир АН-ын дарга асан С.Эрдэнээс явж Х.Баттулгын хүн болсон уу

СЕХ-ны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир АН-ын дарга асан С.Эрдэнээс явж Х.Баттулгын хүн болсон уу

Энэ оны зургадугаар сард болж өндөрлөсөн УИХ-ын ээлжит сонгуулийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга “сонгуулийн явц,  дүнгийн маргаантай холбоотой асуудалд  Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-ны удирдлагыг хариуцлага хүлээх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан билээ. 

Тэгвэл саяхан хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганы сүүлийн өдөр СЕХ-ны удирдлагууд болох Ц.Содномцэрэн, Ц.Болдсайхан нарыг чөлөөлсөн. Тэдний оронд СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг, Нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очир нарыг томилсон билээ.

Харин СЕХ-ны даргаар томилогдсон П.Дэлгэрнаранг УИХ-аас санал болгосон гэж буй ч үнэндээ түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүн гэлцэж байв. Учир нь тэрээр 2012 оноос хойш Автотээврийн газрын дарга, “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захирлын зөвлөхөөр ажиллаж байгаад, энэ оны наймдугаар сараас эхлэн УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах референтээр ажиллаж байсан нэгэн юм.

-Д.ДАВАА-ОЧИР ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХҮН БОЛСОН УУ-

Харин СЕХ-ны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очирыг Ерөнхийлөгч санал болгосноор томилсон гэх бөгөөд тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байжээ.

Д.Даваа-Очир нь 1963 онд төрсөн, ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Эрх зүйч, хуульч мэргэжлээр төгсжээ. Тэрбээр 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар, 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.

Түүнийг Төрийн албан зөвлөл, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга зэрэг төрийн томоохон албан тушаалд томилогдоход АН-ын дарга С.Эрдэнийн оролцоо их байсан гэдэг. Энэ утгаараа түүнийг С.Эрдэнийн хүн гэдэг байв. 

-Д.ДАВАА-ОЧИР АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ДҮНГЭЭР АТГ-ЫН ДАРГАД НЭР НЬ ТОДОРЧ БАЙВ-

Мөн Ерөнхийлөгчийн зүгээс 2018 оны тавдугаар сард АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх олон нийтийн санал асуулга гэгчийг зохион байгуулж байсан билээ. Энэхүү санал асуулгаар  СЕХ-ын Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, ШШГЕГ-ын дэд дарга асан, одоогийн АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан нар өндөр санал авсан учраас тэднийг АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх саналтай байгаагаа Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлж шоудаж байсан билээ.

Товчхондоо, ийм л түүх намтартай хүмүүс Ардчилсан Монгол улсын иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон “сонгох, сонгогдох” эрхийг нь эдлүүлэхээр нэг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс, нөгөө нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс томилогдсон байна. 

Сонирхуулахад, энэхүү үйл явдал болохын өмнөхөн Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг өрөөндөө дуудаж уулзсан. Ингэхдээ бүлгийн даргад СЕХ-ны удирдлагыг яаралтай солих талаар чиглэл өгсөн. Улмаар СЕХ-ны удирдлагуудыг солих асуудлыг ээлжит бус чуулган хаахаас өмнө оруулах талаар ч саналаа илэрхийлсэн” гэх мэдээлэл ч бий.