ИЦББХ: УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа

ИЦББХ: УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 53.8 хувийн ирцтэйгээр эхэлж гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Үндсэн чиглэлийн төсөлд эрүүл мэндийн салбарыг цахимжуулах асуудлыг нэн тэргүүний зорилт болгон дэвшүүлсэн хүрээндээ иргэдийг эрт илрүүлэгт цахимаар дуудаж хамруулдаг байх тогтолцоог бүрдүүлэх чиглэлд тодорхой алхам хийх асуудлыг тусгах саналыг Ж.Чинбүрэн гишүүн хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, үндсэн чиглэлийн төсөлд нийгмийн ардчиллын гурван тулгуурт зарчмыг оруулах, хэрэгжилтийн механизмийг нь тусгах саналуудаа багцалсан гэдгээ танилцуулав.

Засгийн газрын түвшинд тодорхой бодлогуудыг тодорхойлоод, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тусгаад явж байгаа бөгөөд энэ хүрээнд хэд хэдэн хууль тогтоомжийг боловсруулж, батлах шаардлагатай гэдгийг Л.Оюун-Эрдэнэ тайлбарлалаа. Цахим шилжилтийн суурь нөхцөлүүдийн нэг чухал хэсэг нь иргэн хүний хувийн нууцад өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр төр болон өөр хэн нэгэн нэвтрэх боломжгүй хэмжээнд нууцлах асуудал гэдгийг онцолж, хувь хүний нууцыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэв.
Засгийн газрын эхний 100 хоногт багтаан төрийн бүх үйлчилгээг нэг цонхонд нэгтгэж, цаашдаа хувийн хэвшлүүдийг уриалж ажиллахаар төлөвлөөд байгаа гэв. Бүгд Найрамдах Эстони Улсын шинжээчид манай улсад ажиллаж, үнэлгээ хийсэн бөгөөд Монгол Улс цахим шилжилт хийхэд парламент болон Засгийн газарт улс төрийн манлайлал, эр зориг шаардлагатай гэдгийг онцолсон байна. Учир нь цахим шилжилт хийснээр удирдах албан тушаалтнуудыг эрх  мэдлийг  хязгаарлдаг. Үүнээс гадна төрийн үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, улмаар цахим шилжилтийг 7-8 жилийн хугацаанд хийнэ гэдэг дүгнэлтүүдийг гаргасан байна.

Одоогоор Цахим аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд холбогдох судалгаануудыг хийж байгаа гэв. Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг бүх түвшинд нэвтрүүлж, мөрдөх шаардлага, төрийн байгууллагуудын харилцаа, холбоо, мэдээлэл технологийн аудитыг хангуулах шаардлагын талаар мэдээлэл өгсөн. Түүнчлэн нийт мэдээллийн нууцлалыг хангах зорилгоор Мэдээллийн аюулгүй байдлын хяналт, удирдлагын төвийг байгуулах шаардлагын талаар ажлын хэсгээс хариулт мэдээлэл өгчээ.