“Playtime Festival 2024” наадмын уран бүтээлчдийг албан ёсоор зарлалаа

“Playtime Festival 2024” наадмын уран бүтээлчдийг албан ёсоор зарлалаа

Долдугаар сарын 4, 5, 6, 7-ны өдрүүдэд “Playtime Field”-д зохион байгуулагдах “Playtime Festival 2024” наадмын Final Line-up албан ёсоор зарлагдлаа. 

  1. Нийт 15 тайзанд 250 хамтлаг, уран бүтээлч уран бүтээлээ хүргэнэ

Энэ жил Плэйтайм наадмаас Төв тайз, New Wave, Нааглихац, Fire зэрэг өөрийн 11 тайзыг засах бол спонсор байгууллагуудаас 4 тайз засах юм байна. Нийт 15 тайзнаас гадаад болон дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид уран бүтээлээ хүргэх ажээ. 

“Playtime 2024” оны headliners буюу голлох уран бүтээлчдийг дурдвал, амьд хөгжмийн хувьд  post-metal урсгалаар тоглодог Америкийн алдарт Deafheaven, домогт Нирвана хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлаг болох alternative rock  урсгалаар тоглодог Teenage Fanclub, Өмнөд Солонгосын Idiotape, Японы алдарт TOE, Шведийн домогт метал хамтлаг Vomitory, орчин цагийн дэлхийн хөгжмийн ертөнцийн анхаарлыг татаж буй залуу хамтлагууд болох Өвөр Монголын Narabara, Тайваны Elephant Gym зэрэг хамтлаг уран бүтээлчид багтжээ.

Харин электро хөгжмийн хувьд орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй, нөлөө бүхий уран бүтээлч Ben Klock тэргүүтэй Lipelis, Alex Kassian, Livwutang, Aisha Devi нар уран бүтээлээ хүргэнэ. 

Мөн төв тайз буюу “Playtime” тайзнаа 45 жилийн ойтойгоо золгож буй  Инээмсэглэл хамтлаг, дуучин Э.Минжинсор анх удаа тайзнаа амьд хөгжмийн хамтлагтай тоглож,  17 жилийн дараа Шөнийн галт тэрэг хамтлаг эргэн тоглоно.

  1. Advance хямдралтай тасалбар борлуулагдаж эхэллээ

Final line-up зарлагдсантай холбогдуулан “Playtime Festival 2024” наадмын Advance хямдралтай тасалбар дөрөвдүгээр сарын 26-ны 12.00 цагаас тавдугаар сарын 14-ны 18.00 цаг хүртэл наадмын www.playtimefestival.com болон албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр борлуулагдаж эхэллээ. 

“Playtime Festivel 2023” үзэгчид тасалбар авбал үндсэн тасалбарын үнээс 50% хөнгөлөлтэй тасалбар авах боломжтой ажээ. Учир нь Playtime 2023 оны сүүлийн өдөр нь үер усны аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын албаны өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлийн дагуу давагдашгүй хүчин зүйлийн улмаас цуцлагдсан билээ. Хэдийгээр сүүлийн өдөр зохион байгуулагчдын үйл ажиллагаа, хүсэл зоригоос үл хамааран цуцлагдсан ч наадмын зохион байгуулагчдын зүгээс хөгжимд хайртай үнэнч үзэгчдэдээ 2024 оны тасалбарыг 50 хувь хөнгөлөлттэй үнээр борлуулахаа амласан юм. Тэгвэл 2023 оны энгийн болон VIP тасалбар авсан бүх үзэгчид Advance тасалбар борлуулалтын үеэр энэхүү эрхээ эдлэх боломжтой аж.  

Хэрэв “Playtime Festivel 2023” наадмыг үзээгүй бол Advance хямдралтай тасалбар зарагдах үеэр 20%-ийн хямдралтай худалдах авах боломжтой.

  1. Энэ жилийн Плэйтайм “Playtime Field”-д болно

Плэйтайм наадмыг өмнө нь Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жил “Playtime Field”-д зохион байгуулна. Плэйтайм наадам нь “earth. music. art. love. ” уриан дор хөгжмөөр дамжуулан залууст эерэг хандлага түгээн ногоон хөгжилд уриалдаг. Тиймдээ ч  Playtime Festival нь бүхий л үйл хэргээрээ ногоон тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан ажилладаг юм. Тэр утгаараа энэхүү зорилго зорилтоо улам бататган энэ жил наадам зохион байгуулах “Playtime Field”-ийг “Playtime тогтвортой ногоон хүрээлэн”-гийн жишгээр байгуулж, үлгэр жишээ ногоон наадам болохоор зорьжээ. 

Playtime Festival нь орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Улаанбаатарыг жишиг хөгжилтэй, хүн төвтэй хотын түвшинд хүргэх, Монгол улсыг Азийн тэргүүлэх хөгжмийн аялал жуулчлалын бүс болоход хувь нэмэр оруулж  соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. 22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Playtime Festival энэ онд 4000 түр ажлын байр бий болгон, 200 гаруй аж ахуй нэгжтэй хамтран 35,000-40,000 үзэгчид хүлээн авахаар бэлтгэл ажлаа  ханган ажиллаж байна.