С.Мөнхчулуун: Хүнсний аюулгүй байдлын зөвлөл гурилын импортын хэмжээг нэмэх эсвэл чөлөөлж өгөх ёстой

С.Мөнхчулуун: Хүнсний аюулгүй байдлын зөвлөл гурилын импортын хэмжээг нэмэх эсвэл чөлөөлж өгөх ёстой

УИХ-аар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Энэ хууль ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, гадаадаас импортоор оруулж ирэх гурилын гаалийн албан татварыг чөлөөлнө. Ингэснээр нэг кг гурилын үнэ 1600 төгрөгт хүртэл буурах боломжтойг албаныхан хэлж байгаа юм.

Энэ талаар ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан С.Мөнхчулуун хэвлэлийнхний асуултад хариулахдаа:

-Гурилын импортын татварыг тэглэсэн хуулийг иргэд маш талархалтай хүлээж авч байгаа. Ерөнхий сайдаар ахлуулсан, орлогч дарга нь Шадар сайд, мөн ХХААХҮ-ийн сайд болон бусад салбарын сайд нарын гишүүдтэй Хүнсний аюулгүй байдлын зөвлөл гэж бий. Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу жил бүр импортлох гурилын хэмжээг ХХААХҮ-ийн сайд Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд оруулж хэмжээг нь батлуулдаг. Энэ жилийн хувьд 12 мянган тонн гурилыг импортоор оруулна гээд Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр баталчихсан. Тэгэхээр энэхүү импортын хэмжээгээ нэмэгдүүлэх эсвэл чөлөөлж өгөхгүй бол хууль батлагдсан ч гэсэн цаашаа хэрэгжихэд хүндрэлтэй байгаа юм. Иймд ХХААХҮЯ-наас Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд саналаа оруулаад импортын татварыг тэглүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Миний хувьд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа 2022-2023 онд гурилын үнэтэй холбоотой хяналт шалгалтуудыг хийж байсан. Тийм учраас энэ асуудлыг нэлээд судалсан. Иргэд, бизнесийнхэн, худалдаачид гурилын татвартай холбоотой асуулт олон тавьж байна. Тэд гадаадаас гурил оруулж ирэхэд бэлэн болчихсон, гэвч импортын хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж байгаа. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр энэ асуудлаа яаралтай шийдүүлж хэмжээг нь нэмэгдүүлж өгөөч ээ гэж хүсэж байна. Хууль батлагдсан өдөр л “Од” группын ургац гурилын үнэ 100-200 төгрөгөөр буурчээ. Мөн зах худалдааны төвүүдэд 50-100 төгрөгөөр буурсан гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Билгүүн ярьжээ. Энэ хуулийг ярьж эхэлсэн цагаас гадаадад амьдарч буй монголчууд гурилын үнийн талаар мэдээлэл ирүүлж байсан. Орост нэг кг гурил 700-900 төгрөг байна. Швед, Белги, Франц зэрэг өндөр цалинтай оронд 1200-1600 төгрөгийн үнэтэй байна.  Гэвч манайд хэт өндөр. Монголд импортын гурил Орос, Казахстанаас 900-1000 төгрөгөөр орж ирэх боломжтой, жигдрээд ирэхээр дотоодод нэг кг гурил  1600 орчим төгрөгт хүртэл буурна гэсэн судалгаа бий гэв.