Ж.Соронзонд холбогдох Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ

Ж.Соронзонд холбогдох Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ

Нөхөр Н.Лүндэндорж, дүү Ж.Содбилэг нартаа давуу байдал олгож, 3.3 тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон хэргээр ажлаасаа чөлөөлөгдсөн Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0918 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн 221/МА2024/0097 дугаар магадлалтай захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг энэ сарын 09-нд /2024.04.09/ Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд уг гомдлыг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. 

-Ж.СОРОНЗОН НЬ НӨХӨР Н.ЛҮНДЭНДОРЖ, ДҮҮ Ж.СОДБИЛЭГ НАРТАА ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН НЬ АЖЛЫН ТАЙЛАНГААР ТОГТООГДСОН-

Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярмаа, Д.Одончимэг нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж  Улсын дээд шүүхэд гомдол гаргасны бүрэн эхээр нь хүргэж байна. 

Тэд тус гомдолдоо " Нэхэмжлэгч Ж.Соронзон "Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б72 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгаолын шимтгэлийг нөхөн төлүүлэх" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийг нотлох баримт хангалттай бүрдүүлээгүй гэж үзэн эрүүгийн болон захиргааны хэргийг хольж анхан шатны шүүх рүү буцаан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ач холбогдлыг алдагдуулсан гэж үзэж байна. 

Нэхэмжлэгч Ж.Соронзон өөрийн нөхөр болох Н.Лүндэндоржийг сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулж ажиллуулсан ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг үүсгэсэн. Түүнчлэн Ж.Соронзон нь өөрийн төрсөн дүү болох Ж.Содбилэгийн "Эрх га" ХХК-г мөн сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5 дахь заалтыг зөрчсөн үйлдэл нь Монгол Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд ажлын хэсгийн хяналт шинжилгээ хийгдсэн ажлын тайлангаар тогтоогдсоор байхад Давж заалдах шатны шүүхээс түүнийг зөвтгөж шийдвэрлэсэн нь "шүүхийн шийдвэр хуульд үндэслэсэн байх" гэсэн зарчимд нийцэхгүй байна. 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ "Авлигатай тэмцэх газарт Ж.Соронзонд холбогдох хэрэг үүссэн эсэх, үүссэн бол ямар шатандаа явж байгаа талаарх хэрэгт авагдаагүй байна" гэж үзэж эрүүгийн болон захиргааны хэргийг хольж хутгасан нь ойлгомжгүй байна. Маргаж байгаа асуудал нь захиргааны хэрэгт хамаарч байгаа атал эрүүгийн хэрэгт хамааруулж байгаа нь тус хэргийн харьяаллыг үл анзаарч хууль зөрчиж байна. 

Нэхэмжлэгч Ж.Соронзон Монгол Оросын хамтарсан сургуулийг удирдахдаа "Орос Монголын хамтарсан сургуулийн дүрэм" -н /хавтаст хэрэгт авагдсан байгаа/ 1.4, 6.3, 7.1 -г тус тус баримтлан Боловсрол, , шинжлэх ухааны яамны өмнө сургуулийн сургалтын ажлыг хариуцан ажиллах үүрэгтэй байсан юм. Нэхэмжлэгч Ж.Соронзон тус үүргээ хэрэгжүүлэхдээ дээр дурдсан ашиг сонирхлын зөрчил үүсгэж ажил олгогч буюу Боловсрол, шинжлэх ухааны сайдын итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан тул 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б72 дугаар тушаалаар түүнийг Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тус хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн бөгөөд хэрэгт хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулж, дүгнэлт хийсний дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 сарын 06-ны өдрийн 221/МА2024/ дугаартай магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү" гэжээ. 

-Ж.СОРОНЗОН НЬ УРЬД ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛД ЭГҮҮЛЭН ТОГТООЛГОХ, АЖИЛГҮЙ БАЙСАН ХУГАЦААНЫ ЦАЛИН ГАРГУУЛАХ НЭХЭМЖЛЭЛ ГАРГАСАН-

Эргэн сануулахад, Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзон нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны есдүгээр сарын 07-ны өдрийн Б/72 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Орос-Монголын хамтарсан сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх" нэхэмжлэл гаргасан байдаг. 

Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "Монгол, Оросын хамтарсан III сургуулийн захирлыг ОХУ-ын хариуцагч байгууллагын талтай харилцан тохирч томилох, чөлөөлөх саналыг эрх бүхий байгууллагад гаргана" гэж тус тус заасны дагуу тус сургуулийн Удирдах зөвлөлөөс /Монгол Улс болон Оросын холбооны Улсын хамтын удирдлага/ тус сургуулийн захирлын албан тушаал хашиж байсан Ж.Соронзонг үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг гаргаагүй байхад БШУ-ны сайд шийдвэр гаргасан. Ажлын хэсгийн тайланг үндэслэн маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлгүй байна гэсэн байдаг. 

Ажлын хэсгийн дүгнэлтээр өнгөрсөн 12 жилийн хугацаанд суралцагчдаас сургалтын төлбөрийг 5 арилжааны банкнуудад хадгалуулж, 3 тэрбум 30 сая төгрөгийн хүүгийн орлого, зарлагыг Удирдах зөвлөлийн шийдвэр гаргуулаагүй.

Захирал Ж.Соронзон нь өөрийн нөхөр болох их дээд сургуульд багшилж байсан ерөнхий боловсролын сургуульд багшлах эрхгүй Н.Лүндэндоржийг гэрээт багшаар томилон 2020 оны есдүгээр сараас 2022 оны нэгдүгээр сар хүртэл ажиллуулж сард 4,160,000 төгрөгийн цалин хөлс олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн.

Мөн сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдын өдөр өнжүүлэхийн байрыг нээлттэй сонгон шалгаруулалттай явуулаагүй, өөрийн төрсөн дүүгийн эзэмшлийн "Эрхга" ХХК-д тухайн үеийн зах зээлийн үнээс хямдаар түрээсийн гэрээ байгуулан ашиглуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Дээр дурдсан Орос-Монголын хамтарсан сургуулийн дүрмийн холбогдох заалт болон сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн тайлан, дүгнэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй” гэж маргасан байдаг юм.