М.Лхагвагэрэл: Олимпод хоёр удаа оролцоно гэж бодож явсангүй /ВИДЕО/

М.Лхагвагэрэл: Олимпод хоёр удаа оролцоно гэж бодож явсангүй /ВИДЕО/

Чөлөөт бөхийн олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо үргэлжилж байна.

Өчигдөр эрэгтэйчүүдийн барилдаан болж манай улс хоёр эрх авлаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Бат-Эрдэнэ эрхийн төлөө Хятадын тамирчин Зушен Линийг ялснаар Парисыг зорих тийзээ захиалсан юм. Тэрбээр их шөвөгт үлдэх хариуцлагатай барилдаанд Йорданы бөхийг хожсон байдаг.

ВИДЕО: 

Тэгвэл 125 кг-ын жинд гавьяат тамирчин М.Лхагвагэрэл дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Хятадын Дин Живэйг 2:0-ээр ялснаар Парисыг зорих дахь эрхийг өвөртөллөө. Түүний хувьд Дин Живэйтэй өмнө нь дэлхийн аваргын дэвжээнд таарч ялагдаж байв. Харин энэ удаа олимпын эрхийн тэмцээний хагас шигшээд таарахдаа хариугаа авлаа. Тэрбээр барилдааны дараа сэтгэгдлээ хуваалцахдаа “Маш их баяртай байна. Чөлөөт бөхөд дуртай болохоороо хичээллэсэн. Олимпод хоёр дахиа оролцох болзлоо хангаад зогсож байна гэж бодсонгүй. Улам их хичээх болно” хэмээн ярьжээ.

Харин олимпын эрхийн төлөө барилдсан Б.Мөнх-Эрдэнэ, Г.Ганхуяг нар харамсалтайгаар эрхээ алдлаа. Эрэгтэйчүүд 57, 65, 74, 97 кг-ын жинд эрх авахын тулд ирэх сард Истанбулыг зорих хэрэгтэй болж байна. Монголын чөлөөт бөхийн холбооны журмын дагуу Истанбул руу улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн тамирчид явна. Өнөөдөр эмэгтэйчүүд эрхийн төлөө өрсөлдөнө. Тодруулбал, 53 кг-д Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д П.Орхон, 76 кг-д Э.Даваанасан нар эмэгтэйчүүдийн авсан эрхийг нэмэгдүүлэхийн төлөө барилдах юм. Барилдаан Улаанбаатарын цагаар 13:00 цагт эхэлнэ. Харин маргааш сонгомол бөхийн 60 кг-д Б.Балжинням эрх авахын төлөө өрсөлдөнө.