Францын ерөнхийлөгч Макроны боксоор хичээллэж байгаа зураг нийтлэгджээ

Францын ерөнхийлөгч Макроны боксоор хичээллэж байгаа зураг нийтлэгджээ

Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны боксоор хичээллэж, булчин шөрмөсөө харуулсан гэрэл зураг өчигдөр нийтэд таржээ. Тус зургийг Францын ерөнхийлөгчийн гэрэл зурагчин өөрийн инстаграм хуудсанд нийтэлсэн юм.

Франц улс хуурай замын цэргээ Украинд илгээж болзошгүй тухай яриа тарсны дараахан Макроны зураг нийтлэгдсэн нь түүний шийдэмгий байдлыг харуулах зорилготой гэж зарим ажиглагчид үзэж байгаа бол Францын хэвлэл мэдээлэл, улс төрчид ерөнхийлөгчийнхөө зургийг янз бүрээр хүлээн авч байгаа юм.

Сүүлийн үед Украины хямралын асуудалд Макроны хандах байр суурь улам эрс хатуу болж байгаа бөгөөд Украинд хуурай замын цэрэг илгээх боломжийг манай талаас үгүйсгэхгүй байгаа хэмээн илэрхийлж байсан юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Путинийг зөвхөн Украины биш, нийт Европын аюул занал гэж нэрлэж байв.