М.Баасандорж: Намайг хүчирхийлэл үйлдээгүй гэдгийг анхан шатны шүүх тогтоосон

М.Баасандорж: Намайг хүчирхийлэл үйлдээгүй гэдгийг анхан шатны шүүх тогтоосон

Өнөөдөр /2019.05.31/ Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын дарга М.Баасандорж мэдээлэл хийлээ. Тэрбээр өнөөдрөөс эхлэн ажлаа өгөхөөр болж буйгаа хэвлэлийнхэнд мэдээлэв.

Тэрбээр  “НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун эрүүгийн хэрэгт ноцтой гүтгэсэн. Миний нэр төр, ажил  төрөлд их муухайгаар халдсан. Найз нөхдөд нөлөөлсөн. Хууль хяналтынхан гүтгэсэн эсэхийг нь шалгаж тогтооно биз дээ. Олон гэмт хэрэгт гүтгэж ирлээ. Харин хүчингийн гэх хэргийг шалгаад үндэслэлгүй болохыг тогтоосон. Тиймээс нэр төрөө сэргээлгэнэ.  2003 оноос хойш Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нэгдсэн тогтолцоонд орж, миний хувьд СХД, Чингэлтэй дүүргийн хэлтсийн дарга, НМХГ-ын дэд даргаар хүртэл ажиллаж байсан.

2014 оны тавдугаар сараас хойш Л.Эрдэнэчулуун даргатай хамтарч эхэлсэн. Энэ цагаас хойш Л.Эрдэнэчуулан дарга тодорхой хэмжээгээр ажлын байрны дарамт шахалт үзүүлж, ажил үүрэгтэй холбоотой янз бүрийн мэдээлэл тарааж, улмаар 2015 онд дэд даргын ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдөж байсан. Ингээд хууль бус үйлдэл нь шүүхийн шүүдвэрээр тогтоогдоод 2017 оны дөрөвдүгээр Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн даргаар эргэн томилогдсон.

Гэвч томилогдсон цагаас эхэлж хамтарч ажиллахгүй, ажлын дэмжлэг үзүүлэхгүй, зарим нэг талаар хяхаж хавчиж эхэлсэн. Миний хувьд төрийн байгууллагад олон жил ажилласны хувьд, төрийн захиргаанд олон жил ажилласны хувьд ноён нуруу зааж, маш тэвчээртэй хоёр жилийг өнгөөрсөн.

ДОТООД ХЯНАЛТ ЯВУУЛЖ БАЙНА ГЭЖ БОДТОЛ УЛСЫН БАЙЦААГЧДЫГ ДАРАМТАЛЖ ХУДАЛ МЭДҮҮЛЭГ АВСАН

Надад олдсон баримтад тулгуурлаж ярихад, 2010 оны аравдугаар сараас эхэлж намайг хууль бусаар, НМХГ-ын ажил үйлчилгээнд хамааралгүй ажлыг мөрдөх цагдах, миний захиргаанд байгаа улсын байцаагчдаас хууль бусаар мэдүүлэг тайлбар цуглуулах, намайг гэмт хэрэгтэн мэт баримт нотолгоо цуглуулж ирснийг би сая шалгагдаж байх явцдаа олж мэдлээ. Тухайлбал намайг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүчингийн гэмт хэрэг хийсэн мэтээр 2019 оны гуравдугаар сарын 8-ны өдөр НМХГ-ын 29 дарга оролцсон удирдах ажилтны зөвлөгөөн дээр доромжилж,гүтгэсэн. Мөн авлигын гэмт хэрэгт холбогдсон, 14 хоногийн дараа шоронд орох гэж байгаа, зайлах хэрэгтэй гэж доромжилсон. Үүнийгээ баталгаажуулахын тулд маргааш нь 2019 оны гуравдугаар сарын 19-ны өдөр 16 хүний бүрэлдэхүүнтэй таван хэлтсийн төлөөлөл оролцсон хяналт шалгалтыг манай хэлтэст оруулсан. Үүнийг би дотоод хяналт гэж бодож зөвшөөрсөн. Гэтэл шалгалт өөр чиглэл рүү хандаж эхэлсэн. Тухайлбал, миний буруутай үйлдлийг олохын тулд манай байцаагч нарыг дарамталж худлаа мэдүүлэг авсан. Ийм байдлаар шалгалт 3-4 хоног үргэлжилсэн. Ингээд 3 сарын 22-нд хүчингийн гэмт хэрэг болон авлига хийсэн мэтээр хууль бусаар баримт цуглуулж, түүнийгээ баталгаажуулж, ямар нэгэн хохирогч байхгүй зүйлийг хуулийн байгууллагад өгсөн байдаг.Урд өдөр нь намайг гүтгэснээ баталгаажуулж буй нь тэр. Үүнийг би мэдээгүй, сүүлд мэдсэн.

СҮҮЛИЙН ХОЁР САР МАШ ХҮНД БАЙДАЛД БАЙЛАА

Ингээд дөрөвдүгээр сарын 08-ны өдөр өөрөө хэвлэлийнхэнд намайг гэмт хэрэгт холбогдсон мэтээр иргэдэд зарласан. Хууль бус үйлдэлд би шалгагдаж явж байна. Зөрчлийн болоод эрүүгийн хэргээр шалгуулж байгаа. Шалгаад үнэн зөвийг нь олно биз дээ. Л.Эрдэнэчулуун дарга албан ёсны хурал дээр гэмт хэрэг хийсэн мэтээр гүтгэж доромжилсон нь ёсзүйгүй асуудал юм.Сүүлийн хоёр сарын хугацаанд миний гэр бүл, найз нөхөд, нутаг усныхан маш хүнд байдалд байлаа. Ингээд сая тавдугаар сарын 24-ний өдөр эхний шүүх хурлаар “Энэ бол хууль бус мэдээлэл байна. Энд Баасандоржийн ямарч эрүүгийн гэмт хэргийн шинжгүй, худал мэдээлэл байж” гэдэг нь тогтоогдсон.

Одоо намайг гэмт хэрэг хийсэн мэтээр зарласан явдлыг гүтгэх гэмт хэрэгт тооцогдохын сацуу эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн хуулийн байгууллага шалгаж байна. Тиймээс ёсзүйн хариуцлага хүлээгээд ажлаасаа огцрохыг шаардаж байна. Хоёрдугаарт миний гэр бүл, найз нөхдөд учирсан сэтгэл санааны хохирлыг барагдуулах ёстой. Албан ёсоор уучлалт гуйх ёстой. Мөн цаашид мэргэжлийн хяналтын газрын даргын ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон учраас ажлаа өгсөн. Учир нь хууль хяналтын байгууллагын шалгалтад хүндэтгэлтэй хандаж байгаа учраас ийнхүү ажлаа хүлээлгэж өглөө.




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө