Г.Ганхүү: "Ард иргэдийнхээ санаа бодлыг боомилох" гэсэн хуульд хориг тавьж өгөхийг У.Хүрэлсүхээс хүсэж байна

Г.Ганхүү: "Ард иргэдийнхээ санаа бодлыг боомилох" гэсэн хуульд хориг тавьж өгөхийг У.Хүрэлсүхээс хүсэж байна

Г.Занданшатар даргатай МАН-ын 39 гишүүн “Монгол Улсын парламентын түүхэнд урд өмнө нь байгаагүй хурдаар /гурав хоног 2023.01.18-20/ “иргэдийн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарласан” хуулийг баталж, түүхэнд муугаар үлдэх алхмыг хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү уг хуульд хориг тавьж өгөхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүслээ. Тэрбээр "Оюутан цагийн найз Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхээ, чи бид 2-т оюутан цагтаа сайхан нөхөрлөж байсан үе, шар айраг хувааж уугаад Чехуудтай гар зөрүүлж, банзан гитараа хамт нүдэж, машин тэрэгний наймаа хийж явсан үе хүртэл бий. Чамайг Монгол Ардын намын гишүүн болсон цагаас хойш, ялангуяа дарга, цэрэг, Генсек, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход чинь ч хүртэл нэг ч удаа уулзаж, юм гуйж байсангүй ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Төрийн наадмын хүлээн авалтад урихад чинь Ёс ёмбогор, Төр төмбөгөр гээд очсон биш, ганц тагш шар айраг уугаад 10 минут саатаад гарсан биш, долоогч, бялдуучаараа дуудуулаад ардын дайсан болсон. Одоо харин оюутан цагийн найзын хувьд нэг гуйлт байна. Н.Учрал гишүүний яаран сандран оруулж ирсэн, ард иргэдийнхээ санаа бодлыг боомилох гэсэн, Ардчилсан улсын үнэт зүйлд биш зөвхөн Тоталитар улсад л байхуйц энэ хуульд хориг тавина гэж найдъя, өнөөдөр сүүлийн өдөр нь юм байна, Оюутан цагийн найз Ганхүү" гэжээ.

Ташрамд өгүүлэхэд, Парламентын баталсан хуульд Ерөнхийлөгч ажлын тав хоногт багтаан бүхлээр нь болон хэсэгчлэн хориг тавьж боломжтой байдаг юм.