З.Батбаяр: Бид баруун Сэлбийг алдсан. Одоо зүүн Сэлбэд нүхэн жорлонгийн бохирдол нэвчээд байна /ВИДЕО/

З.Батбаяр: Бид баруун Сэлбийг алдсан. Одоо зүүн Сэлбэд нүхэн жорлонгийн бохирдол нэвчээд байна /ВИДЕО/

Улаанбаатар хот ундны усны хомстолд орж нөхцөл байдал хүндэрсэн гэх мэдээлэл бий. Иргэд усаа хайрлаж гамнаж, хэрэглээгээ зөв болгохгүй бол цаашид уух усгүй болох эрсдэлтэй тулгараад байна. Энэ талаар Усны газрын дэд дарга асан, Монгол улсаас Унгар улсад суух бүрэн эрхт Элчин сайд асан З.Батбаяртай ярилцлаа.

ВИДЕО:

-УСНЫ ҮНИЙГ НЭМЭХ ЁСТОЙ-

-Улаанбаатар хот ундны усны хомстолд орсон талаар та ярих болсон. Бидэнд тулгараад буй бодит эрсдэлийг хэлээч. Хүмүүс амьдралын хэв  маягаа өөрчлөхгүй хэвээр байвал нөхцөл байдал цаашид хэрхэн хүндрэх вэ?

Одоо бодит эрсдэлтэй тулгарчихаад байна. Усны нөөцийн маш их хомстолд орсон. Тоо хэлбэл, Улаанбаатар хотод хоногт ашиглаж болох усны дээд хязгаар 22 мянган куб байдаг. Гэтэл бид 300 мянган куб ус хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, 30-40 хувиар илүү их ус хэрэглэж байна гэсэн үг. Энэ нь газрын доорх усыг асар их хомстуулж, түвшинг нь бууруулж байгаа юм. Газрын доорх усны түвшин буураад ирэхтэй зэрэгцэн энэ олон баригдаж буй барилга байшин, хашилтын “буян”-аар гадаргын ус, гол ширгэж хатах аюултай нөхцөл байдалтай боллоо. Туул гол дөрөв, тавдугаар сард тасардаг болоод нэлээн хэдэн жил болж байна. Сэлбэ гол ямар байдалтай байгааг харж байна шүү дээ. Бид цаашид юу хийх хэрэгтэй вэ. Хамгийн эхэнд сэтгэлгээгээ өөрчлөх ёстой юм.

Сэлбэ гол. 2022.03.31

Тухайлбал, Сэлбийн гүүрний урд, хойд талыг харьцуулж харахад тэнгэр, газар шиг ялгаатай байна. Урд талыг сайхан тохижуулаад хойд талыг нь шороотой, шавартай тэр чигээр нь хаячихсан. Гүүрний доод талд барилгын хог хаячихсан байна. Мөн Сэлбэ голын ойр, орчин дахь бүх хашаанд нүхэн жорлон бий. Нүхэн жорлон нь ямар хөрсөнд байхаас шалтгаалаад 6-200 метрийн зайд нэвчдэг гэсэн тооцоолол бий.Сэлбэ гол маань нарийхан. Нүхэн жорлонгийн бохирдол нэвчиж байгаа. Гэтэл нэмээд барилгын хогийг гол руу гаа асгачхаар яаж сайн, сайхан амьдрах вэ дээ.

Төр засаг болон ард иргэд бид үр хойчдоо ус үлдээхийн тулд хамгийн эхэнд ямар ажлуудыг хийж,  дадлыг хэвшүүлж амьдрах ёстой вэ?

-Нэгдүгээрт, монголчууд тэр дундаа улаанбаатарчууд хандлагааөөрчилье. Усыг хайрладаг, дээдэлдэг болцгооё. Хандлагаа өөрчилсний дараа усны төлөөх тодорхой алхмуудыг хийе. Миний гоожуураас ус гоожиж байвал болоо гэхгүйгээр усыг хайр, гамгүй хэрэглэж буй хүмүүст шаардлага тавих ёстой. Туул, Сэлбэ голынхоо эргээр яваад хогийг нь түүчихдэг байх хэрэгтэй. Хүүхдүүддээ гол ,усныхаа талаар ярьж өгөхийн зэрэгцээ  гэр бүлээрээ мод тарьж болно. Харин төр, засгийн зүгээс одоогийн хуулиудынхаа хэрэгжилтийг сайжруулмаар байна.. Голын гольдрил руу  барилгын хогоо хаях нь бүү хэл ил задгай хог хаях нь хориотой шүү дээ. Тэгэхээр хог хаяж хууль зөрчөөд байгаа нөхдөд ногдуулах шийтгэл зэргийг хуулийн дагуу заавал оноож байх ёстой.

-Хоёрдугаарт, усны үнэлэмжийг нэмэгдүүлэх. Тэр тусмаа усыг зөвхөн уудаг гэхээсээ илүү эдийн засгийн хамгийн чухал түүхий эд гэдгийг ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн хөшүүрэг бол усны нөөц. Усны нөөц нь хомстсон байхад хөгжил зүүдлээд, мөрөөдөх боломжгүй шүү. Усны үнийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хаана их хэрэглэж байна тэнд нь усны үнийг нэмэх. Тухайлбал, гэр хорооллын айл өрх өдөрт 10 литр ус хэрэглэдэг. Тэднээс 2 төгрөг авахын оронд мянга, мянган литр, 10, 20 тонноор нь ус хэрэглэж буй машин угаалгын газар, арьс шир, өлөн, архи пиво ундааны үйлдвэрт илүү төлбөр тавих ёстой. Энэ бол аж, ахуй нэгжүүдэд өгч буй дарамт биш. Харин ч аж, ахуй нэгжүүд усныхаа зардлыг хэмнэхийн тулд дахин ашигладаг болно. Машин угаалгын газрууд мөнгө төлж цэвэр ус авч байхын оронд хүнсний үйлдвэрийн хаягдал усыг ашиглаж болно. Аль, алинд нь ашигтай.

-Гуравдугаарт, гол усаа эзэнтэй болгомоор байна. Сэлбэ голын зүүн эргээр Баянзүрх, баруун эргээр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг хиллэдэг. Өөрөөр хэлбэл, энэ гол эзэнгүй. Тэгэхээр аль нэг дүүрэгт нь харьяалуулах хэрэгтэй. Байгаль орчны сав газрын захиргаа идэвхтэй үйл ажиллагаа явуулах, эргүүл хийх голоо хамгаалахад анхаармаар байна. Энэ бол зөвхөн Сэлбэ голд хайртай хүмүүсийн хийх ажил биш. Нийтээрээ хамгаалах тухай ойлголт юм. Тэгэж байж бид үр хүүхэддээ устай хотыг үлдээнэ. Улаанбаатар хотыг амьтай байлгаж буй гол хүчин зүйл нь гол, газрын доорх ус.

Сэлбэ гол. 2022.03.31

-ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ҮЗҮҮЛЖ ГОЛТОЙ ЗОХИСГҮЙ ХАНДСАН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ-

-Улаанбаатар хотод усны эхэнд барилга барьсан, гольдрилыг эвдэж янз бүрийн ажил хийсэн, бохироо гол руу цутгасан гэх мэт бодит жишээ их бий. Ганц Сэлбэ голын жишээг ярихад ийм байна. Өөр та ямар жишээг хэлмээр байна?

-Барилга байгууламж барихдаа ус хомстуулсны төлбөрийг төлөх ёстой. 2012 онд энэ заалт Усны тухай хуульд орсон. Харамсалтай нь өнгөрсөн 10 жилд энэ төлбөрийн тухай хэн ч ярьсангүй. Жишээлбэл, ургамал ургаж байсан талбайг цардаж барилга барьвал усны нөөцийг хомстуулж байна гэсэн үг. Хог, нүхэн жорлон байна. Зөвшөөрөгдсөн эсэх цардсан, цардаагүй бүх зам голын усанд нөлөөлөл үзүүлдэг.

Мөн 1960 онд барьж байгуулсан бүх үерийн далангуудаа нураагаад зам барьсан. Тэгэхээр энэ хот үерт автах аюултай. Бас нэг асуудал бий. Сэлбэ гол нь төмөр турбонд дээрэлхүүлжээ. Юуных нь бүү мэд дүүрэн том төмөр хоолой. Ач холбогдолгүй турбонуудыг буулгах хэрэгтэй. Бүх барилга байгууламжууд нь хөрсний усыг зайлуулдаг, соруулдаг. Бидний маш их хэрэглээнээс болж усны түвшин багасч, ширгээд байна. Аль хэдийн бид баруун Сэлбэ голоо алдсан. Одоо зүүн Сэлбэ ийм нөхцөл байдалтай байна. Сэлбэ голыг тэтгэдэг байсан бүр жижиг голууд ширгэсэн. Сэлбийн ус багассанаас болж Туул голын ус багасч байна. Туул голын усыг бид өвөлдөө маш их хэмжээгээр уучихаж байна. Туул урсаад Орхон голтой нэгддэг. Гэтэл Орхон гол уул уурхайн эрсдэлд ороод байна. Энэ голуудаа хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Аж, ахуй нэгжүүд санаачлагатай, идэвхтэй ажиллах ёстой. Харин төр засаг төрийн төмөр нүүрээ үзүүлж торгууль, үнэ төлбөрийн асуудлаа ногдуулах хэрэгтэй.