Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй учраас бид давж заалдана

Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй учраас бид давж заалдана

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг дарга асан шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг энэ сарын 7-16-нд хянан хэлэлцээд түүнд дөрвөн жилийн хорих ял оноогоод байгаа билээ.

Тэгвэл Э.Бат-Үүлийн хүү Чулуудай тус шүүх хурлын талаар хэвлэлд өгсөн ярилцлага өгчээ.

Тэрбээр "Шүүхийн үйл ажиллагаа ес хоног үргэлжилсэн. Энэ хугацаанд миний аавыг болон бусад хүмүүсийг буруутгах нотлох баримт хангалтгүй байсан ч прокурор яллах талд хэт туйлширсан. Мөрдөн байцаагч ч хууран мэхлэх замаар байцаалт явуулсан, хууль ноцтой зөрчсөн талаар шүүх хуралдааны үеэр өмгөөлөгчид маань хэлж ярьсан.

Тиймээс 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийсэн мэдээлэлд “Шүүхийн шинжээч нарын дүгнэлтээр хохирол нь тогтоогдсон” гэх утга бүхий мэдэгдлүүд огт худлаа. Энэ бол шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулсан үйлдэл гэж харж байна. Аав минь энэ хэрэгт огт холбоогүй.

Нийслэлд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдсан боловч энэ хэрэгт түүний оролцоо юу ч байдаггүй. Миний аав ямар ч хэрэг хийгээгүй. Тийм учраас л бид давж заалдах гэж байна.

Намайг 2013 оноос эхлэн шалгаж байна. Өөрөөр хэлбэл, найман жилийн турш залхаан цээрлүүлэгдэж байна.

Энэ хэрэг 2019 онд шүүхэд шилжсэн. Шүүхээс прокурор руу мөрдөн байцаах ажиллагаа дутуу хэмээн буцаасан боловч прокуророос нэг хоногийн дараа шүүх рүү шилжүүлчихсэн. Ингээд хурал эхэлж байтал цар тахал гарсан. Хурлын явцад хуралд оролцогчид цар тахал туссан, өмгөөлөгчид халдвар авсан, хөл хорионд байсан гэх мэт олон нөхцөлүүд тулгарч байсан учраас шүүх хурал олон удаа хойшилсон. Энэ бүхэн эмнэлгийн магадлагаагаар нотлогддог. Гэтэл энэ явцад миний аавын зүгээс нэг ч удаа хурлыг хойшлуулах талаар гомдол санал гаргаж байгаагүй. Ямар сайндаа нурууныхаа үеийг бэртээчихээд боолттойгоо шүүх хурлаа хүндэтгээд очоод сууж байсан юм шүү дээ" хэмээжээ.