“Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын цариг нарийн байна гэсэн УИХ-ын тогтоолыг ЦЭЦ нууцаар хэлэлцэж, хүчингүй болгожээ

“Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын цариг нарийн байна гэсэн УИХ-ын тогтоолыг ЦЭЦ нууцаар хэлэлцэж, хүчингүй болгожээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Монгол улсын хөгжлийг удаашруулж, гаднын аль нэг улсын нөлөөгөөр ажиллаж байж магадгүй гэж хардах иргэд олон бий.

Тодруулбал, тэрээр 2014 онд “100 чухал сэдэв” гэх нэвтрүүлэгт оролцож, тус нэвтрүүлэг нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар баривал тус замаар Хятадын танк орж ирнэ, Монголын баялаг урагшаа урсана гэсэн санааг илэрхийлж, зарим хүмүүст зэмлүүлж байв. Харин өдгөө “Төмөр замаар танк орж ирнэ гэж айж суусаар байтал хөгжлөөс хол хоцорлоо гэх иргэд олон байна. Учир нь БНХАУ-д нүүрс түүхэнд байгаагүй өндөр үнээр борлуулагдаж байгаа энэ үед манай улс хангалттай төмөр замгүйн улмаас Тавантолгойн нүүрсээ өндөр үнээр борлуулж чадахгүй байгаа билээ.

-Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН ДАРУЙДАА ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ-

Тэгвэл Х.Баттулга “Монгол ялна” уриагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон даруйдаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 400 гаруй км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 200 гаруй км төмөр замын ажлыг эхлүүлсэн. Товчхондоо, энэ бүх төмөр замын санхүүжилт Тавантолгой ордны нүүрсний орлогоор бүрдэж байж болзошгүй байдаг.

Тодруулбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд Зэвсэгт хүчний анги, салбар, мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж, иргэн бүрийн 1072 хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийнсанхүүжилтээр барьж эхэлсэн.

Харин 2015 оноос хойш бүтээн байгуулалтын ажил нь таг зогсоод байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг “Бодь Интернэшнл” ХХК үргэлжлүүлэн гүйцэтгэж буй. Тус төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийн санхүүжилтийг нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болсон гэх мэдээлэл бий. Иймд “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Бодь Интернэшнл” ХХК 2019 оны сүүлээр нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан байж болзошгүй байдаг.

УИХ-ын 64 дүгээр тогтоол хүчингүй болжээ

-ТӨМӨР ЗАМЫН ХОС ЦАРИГТАЙ БАЙХ БОДЛОГЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХААЛТТАЙ ХЭЛЭЛЦЖЭЭ-

Тэгвэл 2020 оны  тавдугаар сарын 13-нд Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаар “Тавантолгой-Гашуунсухайт зэрэг төмөр замын царигийн асуудлыг “Нууцын зэрэглэл” бүхий асуудал яригдана гэх шалтгаанаар хаалттай хэлэлцсэн байна. Иймд иргэд болоод хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ тухай мэдээгүй өнгөрчээ.

Уг хаалттай хэлэлцсэн асуудал нь УИХ-аар 2014 онд баталсан 64 дүгээр тогтоол буюу “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоол юм. Тодруулбал,  тус тогтоолд, “Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм /нарийн/ царигтай, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн шинэ шугамыг 1520 мм /бүдүүн/-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт даалгасугай” гэсэн байжээ.

Гэтэл дээрх тогтоол нь “Үндсэн хуулийн 1.2”-г зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц 04 тоот дугаартай дүгнэлт гаргажээ. Улмаар уг дүгнэлтийг гарсан даруйд нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн хүлээн авч, дараа нь УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар дээрх тогтоол хүчингүй болсон байгаа юм.  Иймд төмөр замын хос царигтай байх бодлого өөрчлөгдөж, Тавантолгойн нүүрс “шороо боллоо” гэсэн байр суурийг олон иргэд илэрхийлж эхлээд байна. Магадгүй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын царгийн асуудлаар Үндсэн хуулийн цэцээр дүгнэлт гаргуулсан цаад эзэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэж хардах иргэд ч цөөнгүй байна.