С.Ганбаатар: Олон улсын шүүх хурлаар Рио Тинто Монгол Улсыг луйвардсан нь баримтаар нотлогдсон

 С.Ганбаатар: Олон улсын шүүх хурлаар Рио Тинто Монгол Улсыг луйвардсан нь баримтаар нотлогдсон

Оюу Толгойн гэрээний асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Монголын 400 тэрбум долларын баялгийг луйвардсан энэ хэрэгтэй Монголын ард түмэн эвлэрч болохгүй. Өмнөх Ерөнхийлөгч асан Х.Баттулга, тухайн үед Засгийн Газрыг удирдаж байсан У.Хүрэлсүх, Хэрэг Эрхлэх Газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, прокурор, шүүх, төрийн өмчийн газрынхан хоёр жил хөөцөлдсөний үндсэн дээр Олон Улсын шүүх Рио Тинто Монгол улсыг луйвардсан нь баримтаар нотлогдсон. Ийм байхад өнөөдөр Монгол улс хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх, өөрсдөдөө ашигтай болгох алтан боломж гарч ирснийг мэдэрсэн Рио Тинтогийнхон бидэнд удаа дараа захидал илгээж байна. Ирүүлсэн захидал дээр нь “34 хувь дээр оногдсон 2.3 тэрбум долларын өр байна. Үүнийхээ 70 хувийг бид харж үзье” гэсэн байна. Энэ бол доромжлол. Бид энэ 34 хувийг хэзээ ч зээлээр авч болохгүй. Газар доор байгаа 400 тэрбум долларын баялгийг үнэгүй авчхаад 34 хувийг бидэнд буцаагаад хүүтэйгээр зарна гэх юм. Бид энэ асуудлыг хөрөнгө оруулалтын гэрээн дээр өөрчилж баялгаараа авах ёстой" гэлээ. 

Г. Мөнхбаяр