Н.Уртнасан: Аялал жуулчлалын салбар гурван их наяд төгрөгийн алдагдалд орсон

Н.Уртнасан: Аялал жуулчлалын салбар гурван их наяд төгрөгийн алдагдалд орсон

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй “Монголын аялал жуулчлалын форум - 2021” боллоо.

Энэ үеэр Монгол Улсын Засгын газрын гишүүн БОАЖ-ын сайд Н. Уртнасан үг хэллээ. Тэрбээр “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ихээхэн хохирол амсаж байгаа салбар бол яах аргагүй аялал жуулчлалын салбар билээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар гурван их наяд төгрөгийн алдагдалд орсон. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1600 орчим аж ахуй нэгж эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах боловсон хүчний нөөцөө хэрхэн хадгалж үлдэх зэрэг хүндхэн шалгуур бидний өмнө ирсэн байна. Гадаадын жуулчдын урсгал сэрэх хүртэл бид юу хийх вэ, Дотооддоо үйлчилгээний чанараа сайжруулж олон улсын зарим стандартыг нутагшуулах, хот хөдөөгийн үйлчилгээний чанарын ялгааг багасгах, хүний нөөцийн хөгжүүлэх ажлуудыг цогцоор авж шийдэх шаардлагатай байна. Гадаад сурталчилгаа, виртуал үзэсгэлэн, зорилтот маркетинг, гар утасны аппликейшнүүд бий болж ашиглах хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Форумын үр дүнд та бүгдийн гаргасан санал, санаачилга, шийдвэрүүдийг бид холбогдох байгууллагатай зөвлөж хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдах юм” гэлээ

Энэхүү форум танхим болон цахим хосолсон хэлбэрээр болсон ба танхимаар 80 гаруй зочид төлөөлөгчид 300 гаруй аялал жуулчлалын салбарын хүмүүс оролцжээ.

Г. Мөнхбаяр