"Рио Тинто 1.6 тэрбум ам.долларыг тэглэж, нэг их наяд төгрөгийн тусламж өгье гэсэн"

"Рио Тинто 1.6 тэрбум ам.долларыг тэглэж, нэг их наяд төгрөгийн тусламж өгье гэсэн"

Рио тинто группийн Зэсийн группийн захирал Б.Болд өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзаж, хэлэлцээ хийх аж.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сайд мэдээлэл өглөө. Тэрбээр “Рио Тинтогийн зүгээс нэгдүгээрт, өнөөдрийн ханшаар байгаа 2.6 тэрбум ам.долларын өрийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэе. Ингэснээр ногдол ашиг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, санхүүгийн тооцооллын хувьд наашлах боломжтой гэсэн саналыг ирүүлсэн.

Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилсон нь ковидын үеийн эдийн засгийн хүндрэлтэй үед сайнгүй үр дүн дагуулж байна. Монгол Улсын Засгийн газар далд уурхайн бүтээн байгуулалт цаг тухайгаа ашиглалтад орсон бол авах байсан татвар, орлого олон зүйлээр хохирч байна гэж өмнө нь захидал ирүүлж байсан. Үүнийгээ бататгаад нэг их наяд төгрөгийн тусламж өгье. Энэ мөнгөө гурван жил дараалж шилжүүлье. Энэ мөнгө нь ямар нэгэн татвар, ногдол ашигт хамаарахгүй гэж хэлж байгаа.  
 
Гуравдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн. Энэ зардал хэтрэлттэй цаг хугацааны хувьд хоцролттой явж байгаа. Үүндээ хүлцэл өчөөд 5.4 тэрбум ам.доллараас дээш зардал хэтрэлттэй менежментийн төлбөр авахаа болье гэсэн санал ирүүлсэн. 2028 он хүртэл хугацаанд баталгааны шимтгэл буюу 1.9 хувийн шимтгэлийг авахгүй байх.
 
Дөрөвдүгээрт, засаглалаа сайжруулая. Засаглал сайжирснаар Оюутолгойн бүтээн байгуулалт урагштай явна. Эцэст нь бид зардлынхаа хэтрэлтийг нэмж баталж байж цаашид хөрөнгө оруулагчдаас далд уурхайн бүтээн байгуулалтын цаашид үргэлжлүүлэх зардлаа авах энэ боломжийг олгож өгөөч ээ гэсэн ийм саналуудыг тавьсан.

Хэлэлцээний явцад бид үүнээс илүү саналуудыг тавьсан. Рио Тинтогийн саналыг Ерөнхий сайдад танилцуулна. Улс төр хэлэлцээрийн бүх арга хэрэгслийг ашиглаж, гэрээг сайжруулах чиглэл рүү явж байна. Хэлэлцээр тодорхой төвшинд урагштай байгаа. Гэхдээ бидний хүсэж байгаа хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах тал дээр өнөөдрийг хүртэл өөрчлөлт оруулах асуудал гаргаагүй байна" гэв.