Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвлийн олимпын үеэр БНХАУ-д айлчлахаар төлөвлөжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өвлийн олимпын үеэр БНХАУ-д айлчлахаар төлөвлөжээ

Монгол Улсын Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр "Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар гадаад бодлогын асуудалд нэг үг хэлдэг, нэг цонхоор гадагшаа хандаж, нэг байр суурьтай байгаа нь хоёр хөршид маань таалагдаж байгаа. Бид хоёр хөрштэйгөө ужгирсан, удаан хугацаанд шийдэж чадаагүй асуудлаа ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. Цаашид хоёр хөрштэйгөө хамтран томоохон төслүүдээ хөдөлгөх цогц арга хэмжээг авна гэдгийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын түвшинд ярьж байгаа. 

Ойрын хугацаанд хийх өндөр, дээд хэмжээний айлчлалын тов тодорхой болсон. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчилна.

Өвлийн олимпын үеэр коронавирусийн нөхцөл байдал гайгүй байх юм бол Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахаар тохирсон. 

Хоёр хөрш маань хилээ нээн, айлчлал хэрэгжүүлж эхэлсэн тохиолдолд хамгийн түрүүнд Монгол Улсын өндөр, дээд хэмжээний айлчлалыг хүлээн авахаа илэрхийлсэн" болохыг онцоллоо.