Н.Учрал: Г.Тэмүүлэн нарын оруулж ирсэн хууль төрийн албан хаагчийг хэлмэгдүүлэх хэрэгсэл болохоор байна

Н.Учрал: Г.Тэмүүлэн нарын оруулж ирсэн хууль төрийн албан хаагчийг хэлмэгдүүлэх хэрэгсэл болохоор байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Хуулийн төсөлтэй танилцсан. Энэ хууль хуулийн техник талаасаа хуулийн шаардлага хангахгүй байна. Хууль лоозон, тунхагийн шинж чанартай байж болохгүй. Ер нь төрийн албаны тухай хуульд ингэж хамаагүй хар хүрч болохгүй. 

Хууль заасан "Аливаа гаж зуршилгүй байна" гэдэгт юуг ойлгох вэ. Гар, хөл, нүүр, амаа оролддог хүмүүс байдаг Хамрын тамхи татдаг хүн хүртэл гаж зуршил гэх тодорхойлолтод орох гээд байгаа юм. Мөн зан төлөвийн доголдолгүй, бусдын нөлөөнд автахгүй гэх мэт зүйлийг юугаар хэмжих вэ. Сүүлдээ энэ нь дарга нар нь албан хаагчдаа ялгаварлан гадуурхах, энэ шаардлагад нийцээгүй гэх шалтгаанаар ажлаас халах шалтаг болох нь. Түүнчлэн энэ мэт нь төрийн албан хаагчийг хэлмэгдүүлэх хэрэгсэл болохоор байна. Тиймээс хуулийг сайжруулж, техник талаас нь ажилласан дээр гэж бодож байна.  

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Энэ хуульд Н.Учрал гишгүүний хэлээд байгаачлан төрийн албан хаагчийг хэлмэгдүүлэх, ялгаварлан гадуурхах зүйл заалт байхгүй. Харин нам, улстөрийн шалтгаанаар жинхэнэ төрийн албан хаагч хэлмэгдүүлдэг явдлыг л засах гэж байгаа юм.

Яг үнэндээ өнөөдөр салбартаа гологдож, танигдаагүй, ур чадварын хувьд хүлээн зөвшөөрөгдөөгүй дэд сайд нар ч бий. Үүнийг мэдэж байгаа. Эдгээр хүмүүс тухайн салбарт ажиллаж үзээгүй улмаас тухайн салбарыг самардаг, хүмүүсийг хэлмэгдүүлдэг явдал гаргадаг. Энэ нөхцөл байдлаас ангид байхын тулд асуудлыг тавьж байгаа юм. 

Таны хэлсэн шударга ёс гэдэг юм уу энэ асуудал Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 13- ны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хүрээнд тусгагдсан заалт юм. Эдгээр асуудлууд яагаад зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчдад үйлчлээд төрийн улс төрийн албан хаагчдад үйлчлэхгүй байгаа юм гэдэг асуудал. Тиймээс ялгаварлалгүйгээр хуульчлах шаардлагатай гэж үзэж байна.