ХӨШИГНИЙ АРД: Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжлах МАН-ын Их хурал хойшилжээ

ХӨШИГНИЙ АРД: Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжлах МАН-ын Их хурал хойшилжээ

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2017 оны арваннэгдүгээр сарын 21-ны өдөр МАН-ын XXVII Их хурал хуралдаж намын даргаас М.Энхболдыг огцруулж, У.Хүрэлсүхийг томилж байв. Дөрвөн жилд нэг удаа намын Их хурлыг хуралдуулах ёстой гэсэн дүрмийн дагуу бол өдийд хуралдах ёстой ч чадаагүй байна.

-Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ МАН-ЫН ДАРГААР БАТЛАМЖЛАХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ ГЭВ-

Тус нам өнгөрсөн зургадугаар сарын 25-нд Бага хурлаа хуралдуулж Л.Оюун-Эрдэнийг намын даргаараа томилсноосоо хойш таг чиг, нам гүм. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэх мэдээллийг намын гишүүд нь хэлдэг. Учир нь МАН-ын дүрэмд намын даргыг намын Их хурлаас томилно гэж заасан байдаг юм. Харин Л.Оюун-Эрдэнэ нь Бага хурлаас сонгогдсон бөгөөд үүнийг Их хурлаар батламжилна гэж байв. Түүнийг батламжлах хурал ирэх арваннэгдүгээр сард болох байсан ч хуралдаж чадахгүй хоёр дахь удаагаа хойшилж буй аж.

Тодруулбал, тус нам өнгөрсөн гуравдугаар сард Их хурлаа хуралдуулахаар 1111 төлөөлөгчийг сонгоод байсан. Гэтэл тус товлосон хугацаандаа хуралдаж чадахгүй арваннэгдүгээр сарыг хүртэл хойшлуулсан ч дахин хойшилжээ.

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийн зүгээс “Цар тахлын халдварын нөхцөл, байдал хүнд. Нийгмийн уур амьсгал, бухимдал ихтэй үед МАН Их хурлаа хуралдуулах нь цаг хугацааны хувьд зохимжгүй” гэж үзэж хойшлуулах саналыг намын аппаратдаа тавьжээ. Түүний саналыг намынхан нь хүлээн авч Их хурал хуралдахааргүй болсон байна. Л.Оюун-Эрдэнийн хувьд ил ингэж хэлж буй ч далд Их хурлыг хуралдуулахгүй байх хэд, хэдэн шалтгаантай.

Учир нь түүний бодлого нам дотроо явахаа больсон, намынхны дэмжлэг өөрийнх нь хүссэн хэмжээнд биш. Мөн дээр дурьдсан 1111 төлөөлөгчийн олонх нь МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн хүмүүс. Тэгэхээр эрсдэлтэй.

Учир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зөвлөхөөрөө томилж, АН-ын зарим гишүүдэд албан тушаал өгсөн Л.Оюун-Эрдэнийн үйлдэлд намынхан нь ихээхэн дургүйцэж байгаа. Энэ мэт асуудлаас болж намын даргаар батламжлахгүй  байх эрсдэлтэй, тооцоолоогүй “гал ирэх” аюултай тул хойшлуулах саналыг гаргасан байх магадлалтай байна. Цаашлаад Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын харилцаа тааруу байгаа учир Их хурлаар уур амьсгал өөрчлөгдөж яаж ч мэдэх учир ийнхүү болгоомжилжээ. Үүний өмнө НАМЗХ хуралдах гэхэд Д.Амарбаясгалангийн хүмүүс хурлыг цахимаар биш танхимд хуралдуулахыг шаардаж бойкот хийж байв. Энэ нь цаад утгаараа Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэж буй үйлдэл гэж улмс төрийн хүрээнд дүгнэж байв.