Э.Батшугарыг тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрвөл түдгэлзүүлнэ

Э.Батшугарыг тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрвөл түдгэлзүүлнэ

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулиар сонгогчдын олонхын санал авсан Э.Батшугар, Ц.Идэрбат нар өнөөдөр /2021.10.21/ УИХ-ын гишүүний тангараг өргөсөн билээ. 

УИХ-ын гишүүн Э.Батшугар, Ц.Идэрбат нар чуулганы индрээс “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийн дээдлэн сахиж,  авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрх хэрэгжиж эхлэв.

Ташрамд өгүүлэхэд, Өмнөх тангаргийн үгэнд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэдэг байсан бол АТГ-аас санал болгосноор өнгөрсөн онд дээрх өөрчлөлтийг оруулсан байна.

Тангаргийн үгэнд “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна” гэж оруулсан нь УИХ-ын эрхэм гишүүдийг аливаа гэмт хэрэг, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлж байгаа том ажил" хэмээн тухайн үед тайлбарлаж байсан юм.

-УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЯМАР ТОХИОЛДОЛД БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ВЭ- 

УИХ-ын гишүүд ард түмний итгэлийг хүлээж, УИХ-д сонгогддог ч өргөсөн тангаргаасаа няцах, зөрчих асуудал багагүй гардаг талаар олон нийт хэлдэг. Тэгвэл ямар тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлдэг вэ. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйл. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар заажээ. Тодотговол, 

  • 9.1.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:
  • 9.1.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;
  • 9.1.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.
  • 9.2.Эрх бүхий байгууллага гишүүнийг энэ хуулийн 9.1.1-д заасны дагуу баривчилсан бол энэ тухай Улсын Их Хурлын даргад 3 цагийн дотор нэн даруй мэдэгдэнэ.
  • 9.3.Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
  • 9.4.Улсын Их Хурал чуулганы чөлөө цагт энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж, чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
  • 9.5.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.
  • 9.6.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан бол баривчлагдсан гишүүнийг 1 цагийн дотор суллана.
  • 9.7.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрийг нэгдсэн хуралдаанд Улсын ерөнхий прокурор уншиж танилцуулснаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг сэргээх тухай тогтоол баталсанд тооцно.
  • 9.8.Энэ хуулийн 9.1.1-д зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно" хэмээн заасан байна. 
  • 10 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

  • 10.1.Дараах тохиолдол гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно:

  • 10.1.1.Ерөнхийлөгчөөр сонгогдсон;

  • 10.1.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

  • 10.1.3.хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал үзсэн;

  • 10.1.4.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

  • 10.1.5.Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2-т заасан тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;

  • 10.1.6.гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;

  • 10.1.7.нас барсан.

  • 10.2.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, энэ хуулийн 10.1.4, 10.1.6-д заасан тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргах бөгөөд энэ хуулийн 10.1.5-д заасан тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ хуулийн 10.1.1, 10.1.7-д заасан тохиолдолд орон гарсан гэж үзэж энэ тухай Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.

  • 10.3.Гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, энэ хуулийн 10.1.4, 10.1.5-д заасан асуудлаар гишүүн саналаа нууцаар, энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.6-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

-Э.БАТШУГАР СОНГОГДСОН ТОЙРГОО УСАЛНА ГЭДГЭЭ ТАНГАРАГ ӨРГӨСНИЙХӨӨ ДАРАА ИЛ ТОД ЗАРЛАВ-

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон Э.Батшугар тангараг өргөснийхөө дараа Сонгинохайрхан дүүргийн иргэдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулах болно. Ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед сонгогдсон тойрогтоо төсөв тавиулах гэж үзнэ гэдгээ мэдэгдэв. Мөн аав болон  намынхаа ачаар бус иргэд сонгогчдынхаа дэмжлэгээр УИХ-д сонгогдсон гэдгээ онцолсон юм. 

Тэрбээр "Би сонгогчдынхоо итгэлийг ажлын үр дүнгээр хариулна. Намрын чуулганаар хэлэлцэх улсын төсвийн асуудалд түлхүү анхаарна. Тойргийнхоо дүүрэг болоод хороодод төсөв тавиулах гэж үзнэ. МАН болон МАХН гэхээсээ илүү Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчдын дэмжлэгээр УИХ-ын гишүүн боллоо. Би өөрийн гэсэн итгэл үнэмшил, үзэл бодолтой Батшугар гэдэг гишүүн болж байна. Ямар ч хүн аав ээжийгээ хүндэлдэг. Би Төрийн гурван өндөрлөгөөр ажиллаж байсан ааваараа бахархдаг" хэмээсэн юм.  Ямартай ч Э.Батшугар нэлээд олон удаагийн шат шатны сонгуульд өрсөлдөж байж ийнхүү УИХ-ын гишүүнээр сонгогдож тангаргаа өргөв.