Н.Учрал: Хүүхэд бүрт хуримтлал үүсгээд хэдэн банк мөнгө хүүлэх юм уу

Н.Учрал: Хүүхэд бүрт хуримтлал үүсгээд хэдэн банк мөнгө хүүлэх юм уу

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: –Монгол Улсын төсвийн зардал жилээс жилд ихэсдэг. Сумын төвийн соёлын төв, бассейн зэрэг дандаа зарлага гаргадаг. Ирээдүйд урсгал зардлаа нэмэгдүүлэхгүй байх талаас нь яаж анхаарах вэ? Төсвийн хүрээний мэдэгдэл дээр хэрэглээний үнийн индексийг 6.7 байхаар төсөөлсөн байна. Өнөөдөр бол 12-13 хувь байгаа. Оны эцэст хэд болж нэмэгдэхийг мэдэхгүй. Зарим бүтээгдэхүүний үнэ маш их өссөн. Ажлаа хийж дуусаагүй байж, Замын-Үүд, Эрээний асуудал шийдэгдлээ гэдэг. Гэтэл бодит байдал дээр шийдэгдээгүй.

Сангийн сайд Б.Жавхлан:–Төсвийн зарлага талд ярьж байгаатай санал нэг байна. Төсвийн зарлага дээр урсгал болон хөрөнгө оруулалтын зардал гэж харах хэрэгтэй. Урсгал зардлыг ДНБ-д харьцуулж үзвэл цар тахлын үед 30 хувь болсон. 2022 оны урсгал зардал ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 28 хувь байгаа. Адил түвшний хөгжилтэй орнуудтай харьцуулахад дээшээ доошоо тоо байхгүй. Харин хөгжингүй орнуудтай харьцуулбал бага. Урсгал зардлыг тэлдэг хөрөнгө оруулалтуудаас татгалзах хэрэгтэй гэдэгт санал нийлж байна. Энэ бодлого, хөрөнгө оруулалтын хуваарилалтаар 2022 оны Төсвийг өргөн барьсан. Ялангуяа ирэх онд эхлэх шинэ хөрөнгө оруулалтууд Уул уурхай, Зам тээвэр, Эрчим хүч, Эрүүл мэнд, Барилга хот байгуулалтын яамны эхлэх шинэ хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь байгаа. Эдгээр нь өрсөлдөх чадварыг сайжруулж, өртгийг бууруулах хөрөнгө оруулалтад түлхүү анхаарч Төсвийн хуулийг өргөн барьсан

УИХ-ын гишүүн Н.Учрал: -18 их наяд төгрөгийн төсөв орж ирж байна. Анх удаа ийм том төсөв орж ирлээ. 2018 онд би анх санаачлаад Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад норм, нормативыг баримталдаг байх шаардлагатай зохицуулалтыг тусгасан. Тэр цагаас хойш жил бүрийн төсөв норм, нормативыг баримтлах шаардлагатай гэдгийг би хэлсээр ирсэн. Гэхдээ Засгийн газар, салбар яам болгон том, том реформ ярьдаг мөртлөө төсөвтөө тэр реформоо уяж орж ирдэггүй. Боловсрол, нийгмийн даатгалын салбарт реформ хийнэ гээд ярьцгааж байна. Гэхдээ төсвийг харахад дээрх реформ хийгдэх эсэх нь асар их эргэлзээтэй байна. Жишээ нь боловсролын салбарт гэхэд тэгш боломжийг бий болгоно гэсэн мөртлөө улсын болон хувийн сургуулийн анги дүүргэлт, багшийн цалин нь өөр, өөр. Нэг ёсондоо 50 хүүхэдтэй нэг ангид хичээл зааж байгаа багшийн цалин 15 хүүхэдтэй сумын дунд сургуульд хичээл зааж байгаа багшийн цалинтай ижилхэн байгаа гэсэн үг. Стандартад суурилсан норматив баримтлахгүй байна. Энэ нь боловсролын салбарт дэндүү ойлгомжтой.

Ирэх оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг сонголттойгоор даатгалжуулна. Үүнээс хойш дор хаяж 50 мянган төгрөгийг хадгална. 50 мянган төгрөг хүртэлх мөнгийг нь сонголттойгоор хэрэглэж, хуримтлалаа баяжуулж болно гэсэн. Хүүхэд бүрт хуримтлал үүсгэчхээр банкнаас иргэд буцааж зээлээд хэдэн банк мөнгө хүүлэх юм уу. Хуримтлалын санг ямар менежментээр удирдах вэ? Үүнээс гадна цахим шилжилт хийнэ гээд байгаа. Цахим шилжилт хийнэ гэдэг нь И-Монголиа аппликейнш руу ороод иргэний үнэмлэхээ цахимаар авах асуудал биш шүү. Үүний цаана улсын харилцааны бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудал яригдана. Тэгэхээр кибер аюулгүй байдлыг хангах зэрэг томоохон асуудлууд дээр төсөв суугаагүй. Үүнийг эргэж харах л хэрэгтэй.

Сангийн сайд Б.Жавхлан: -Нийгмийн суурь үйлчилгээний гол салбар болох боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт урсгал зардал дээр төсвийн шинэчлэл үргэлжилнэ. 2020 онд шинэ парламент бүрдээд 2021 оны төсвөө хийж байхдаа төсвийн шинэчлэлийн зорилтуудыг маш тодорхой болгосон. Энэ жил эрүүл мэндийн салбараас эхлүүлсэн. Алдаа, оноог нь засаад цааш үргэлжүүлнэ. 2022 онд боловсролын салбарт шинэчлэлт хийгдэнэ. Боловсролын салбарт төрийн алба хаагчдын 28 хувь нь байдаг. Урсгал зардалд тэр хэмжээгээр мөнгө зарцуулдаг. Норм, нормативын хувьд эрүүл мэндийн салбар бол эмчилсэн тусламж үйлчилгээгээр, боловсролын салбар нэг хүүхдэд ногдох хувьсах зардал буюу гүйцэтгэлээрээ гэсэн үг. Цахим шилжилтийн хувьд Н.Учрал гишүүний хэлсэнтэй санал нийлнэ. Цахим шилжилт гэдэг нь төрийн бүхий л үйлчилгээний салбар цахимжахыг хэлнэ. Ингэснээр төсвийн орлого, зарлага талдаа ч гэсэн ахиц авчирна.

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: -Олон жил боловсролын салбарын төсвийг задалж харж, дүгнэлт хийж байгаагүй. Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн асуудлаар Сангийн яам, Боловсролын яам хамтран ажлын хэсэг гаргасан. Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувьтай тэнцэж байгаа энэ мөнгө хаана шингээд байгаа болох, хүртээмжтэй боловсрол олгож чадаж байна уу гэдгийг үнэлж дүгнэсэн. Сонгинохайрхан дүүргийн сургуулийн 50-60 хүүхдэд хичээл зааж байгаа багшийн ачаалал, цалин хөлсийг хамгийн өндөр буюу 1.9 сая төгрөгийн хувьсах зардал авдаг Говь-Алтай, Булган аймгийн багш нартай харьцуулаад үзэхэд өдөр, шөнө шиг ялгаатай. Үүнийг бид нэг хүүхдэд ногдож байгаа хувьсах зардлыг сургуулийн хэв шинжээр нь ялгаж дүн шинжилгээ хийх ёстой. Өмнө нь боловсролын салбарт хоёр төрлийн санхүүжилт байсан. Нэг нь урсгал зардал, нөгөө нь хүүхдийн хувьсах зардал. Энэ жил хийгдэх төсвийн шинэчлэлийн хүрээнд суурь зардал нь хэвээрээ явна. Гэхдээ хувьсах зардлыг олгохдоо хүүхдийн сурлагын ахиц, амжилт дээр үндэслэсэн чанарын тогтолцоонд шилжинэ. Үр дүнд суурилсан санхүүжилтийг олгоно. Багш нарын ажлыг бодитой үнэлэх үнэлэмжийг бий болгоно.

ҮЗЭХ: