“Үндэсний бөхийн мэргэжлийн лиг”-ийн тэмцээнд шинэ дүрмээр, тогтсон хугацаанд болох талаар МЭДЭЭЛЛЭЭ

“Үндэсний бөхийн мэргэжлийн лиг”-ийн тэмцээнд шинэ дүрмээр, тогтсон хугацаанд болох талаар МЭДЭЭЛЛЭЭ

“Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллагаас Монголын Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн тэмцээний анхдугаар барилдааны талаар өнөөдөр /2021.10.13/ мэдээлэл хийлээ.

Монголын Үндэсний бөхийн мэргэжлийн  лигийн улс, аймаг, цэргийн  алдарт, цолтой 32 бөхийн барилдаан энэ сарын 16 /2021.10.16/-нд Монгол бөхийн өргөөнд үзэгчгүйгээр зохион байгуулагдах талаар мэдээллээ. Тус барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоотой Эрхэт Монгол групп хамтран зохион байгуулж байгаа бөгөөд барилдааныг TV8 телевизээр шууд дамжуулан хүргэх ажээ.

Мөн тус барилдааныг зохион байгуулах систем болон дүрмийн онцлох заалтуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Энэ талаар “Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллага, Монголын Үндэсний бөхийн мэргэжлийн лигийн гүйцэтгэх захирал спортын сэтгүүлч н.Тамир, “Сар бүр зохион байгуулагдах Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лигийн тэмцээнийг  манай төрийн бус байгууллага санаачлан  МҮБХ-той хамтран  ивээн тэтгэгч н.Мандахбаяр захиралтай “Эрхэт Монгол” группийн хамт гурван талт гэрээ хийж дөрвөн жилийн турш Монгол бөхийн өргөөнд барилдаанаа хийхээр төлөвлөж анхдугаар барилдаанаа энэ бямба гарагт хийхээр төлөвлөсөн байгаа.  Энэ барилдааны онцлог нь шударга шүүлт, шударга барилдаан, сахилга хариуцлагын ёс зүйн дүрмийг мөрдөх өндөр шагналын сантай тэмцээн юм. Барилдааны дүрэм нь ерөнхийдөө уламжлалт буюу Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрмийг баримтлах ба нэмэлтээр хэд хэдэн шинэ дүрэм нэмэгдсэн байна.

Тухайлбал;

  • Үндэсний бөхчүүдэд бусад чөлөөт бөх, жудо бөхтэй адил оноо олгоно.
  • Үндэсний бөхийн дүрэмтэй адил SINGLE ELMINATION буюу шууд хасагдана.
  • BRACKET буюу хүснэгтээр дараагийн өрсөлдөгчөө харж болно.
  • Тогтсон хугацаанд барилдана. Заасан хугацаанд тухайн хоёр бөх хэн хэн нь давахгүй бол идэвхийн оноо тоолж аль их оноотой нь ялна” гэх мэт шинэ дүрэм бий болсон гэлээ.                         

 Г. Мөнхбаяр