Сайжруулсан түлшний 504 жижиглэн цэг байгуулжээ

Сайжруулсан түлшний 504 жижиглэн цэг байгуулжээ

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах Засгийн газрын 270 дугаар тогтоолын дагуу  “Тавантолгой түлш” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, үйл ажиллагааны  талаарх танилцуулга мэдээллийг сонссон байна.

Энэ үеэр  “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “400 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож нийт 504 жижиглэн цэг байгуулсан. 42 бөөний төвөөс жижиглэнгийн цэгийг хангана. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна. Жижиглэн болон бөөний борлуулалтын цэгт 14,300 тонн, үйлдвэрийн бүсэд 142,904 тонн сайжруулсан түлш нөөцөлсөн байна. Одоогийн байдлаар 560,000 тонн түүхий эд /мидлинг/-ийг тээвэрлэн татан төвлөрүүлээд байна. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо “Тахилт”-д жишиг цэг нээсэн” хэмээн мэдэгджээ.  

ТУЗ-ийн өнөөдрийн  хурлаар сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн түүхий эд /мидлинг/-ийг үйлдвэрийн хашаанд 300 тонн, Төв аймаг дахь дундын агуулахад 700 тонныг татан төвлөрүүлж, нөөц бүрдүүлэхийг “Тавантолгой түлш” компанийн удирдлагад үүрэг болгосон аж. Мөн нийслэлийн гэр хорооллын иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлын хүрээнд борлуулалтын цэгүүдийг жигдрүүлэх, борлуулалт, хадгалалт нөөцлөлтийн үйл ажиллагааг тогтмолжуулахыг тус компанийн удирдлагад үүрэг болгожээ.