Г.Мөнхцэцэг: Бичил уурхайнуудыг цуцалбал 12 мянган хүн ажлын байргүй болно

Г.Мөнхцэцэг: Бичил уурхайнуудыг цуцалбал 12 мянган хүн ажлын байргүй болно

-БИЧИЛ УУРХАЙН САЛБАРТ 12 МЯНГАН ХҮН АЖИЛЛАДАГ Ч, 350 ГА ГАЗАР НУТАГТ Л ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА-

Өнөөдөр /2019.08.27/ Монголын бичил уурхайн нэгдсэн “Дээвэр” холбооноос мэдээлэл хийлээ. Тус холбооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, “Манай холбооны зүгээс сүүлийн үед засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж байгаа, хамтарч ажиллахад бэлэн” хэмээгээд цааш,

“БОАЖ-ын дад сайд Ц.Батбаяр, “Ирэх засгийн газрын хуралдаанаар бичил уурхайгаар ашигт малтал олборлох журмыг цуцлах эсэхийг хэлэлцэхээр тогтлоо” гэж мэдэгдэл хийсэн. Энэ бол нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэдэг шиг, хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайнуудын үйл ажиллагааг зогсоох, хооронд нь тарааж бутраах үйл ажиллагаа юм. Манай засгийн газрын бичил уурхайн тал дээр барьж ирсэн бодлогууд олон улсад жишиг болдог.

Дэд сайдын мэдэгдлийн дагуу уг журмыг зөрчвөл 12 мянга гаруй хүн шууд ажилгүй болно. Цаашлаад бичил уурхайнаас шууд бусаар амьжиргаагаа залгуулдаг 60 мянга гаруй хүний эрх ашиг яригдана” гэлээ.

Засгийн газар орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх бодлогыг барьж байгаа хэрнээ энэ журмыг цуцлах нь буруу гэдэг байр суурийг тэд илэрхийлж байв. 12 мянган хүн бичил уурхайн салбарт ажилладаг гэдэг нь өөрөө том газар нутгийг эзэлж буй хэрэг биш хэмээгээд, өнөөдрийн байдлаар 350 орчим га газарт үйл ажиллагаа явуулдаг гэдгийг мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, бичил уурхайн салбар олон хүн ажилладаг ч бага газар нутгийг хамардаг онцлогтой, үүнийг бусад томоохон хүнд уурхайнуудаас салгаж ойлгохыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.