Өнөөдрөөс Налайх-Тэрэлжийн авто зам ашигласны төлбөр хураамжийг цахимаар авч эхэллээ

Өнөөдрөөс Налайх-Тэрэлжийн авто зам ашигласны төлбөр хураамжийг цахимаар авч эхэллээ

Өнөөдөр /2021.07.06/ Налайх-Тэрэлжийн авто замын төлбөр хураах цэгийн цахим нээлтийн арга хэмжээ боллоо.

Тодруулбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх...”  гэж тусгагдсаны дагуу  Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 онд А/59 дүгээр тушаал гарч олон улс, улсын чанартай авто зам ашигласны хураамж авах төлбөр авах цэг /ТАЦ/-ийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг эхлүүлсэн байна.

Тушаалд нийт Төлбөр авах 28 цэгийн үйл ажиллагааг хоёр үе шаттайгаар цахимжуулахаар тусгасан бөгөөд одоогийн байдлаар эхний үе шат буюу Улаанбаатар орчмын Налайх-Тэрэлж, Эмээлт, Хоолт гэсэн ТАЦ-ийг цахимжуулаад байгаа бол үлдсэн 25  ТАЦ-ийг энэ онд багтаан цахимжуулахаар ажиллаж байгаа аж.

Төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар тээврийн хэрэгслийн ТАЦ-ээр дамжин өнгөрөх хугацааг 20-30 хувь хэмнэх, төлбөр авах үйл ажиллагаанд хүний оролцоог багасгаж, даац хэтрэлт, зөрчилтэй тээврийн хэрэгсэл гэх мэт авто зам ашиглалттай холбоотой хяналтыг сайжруулах, мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим бодит цагийн нарийвчлалтайгаар гарч, мэдээллийн нэгдсэн сан бий болох, бусад байгууллагын системтэй интеграц хийж, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ гэж үзсэн бол энэхүү цахимжуулах ажлын эхний үе шатыг “Оргил Дельта Трейд" ХХК 325 сая төгрөгөөр гүйцэтгэж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар цахим төлбөр нь И-баримт, Сошиал пей, Монпей аппликейшнд тээврийн хэрэгсэлээ бүртгүүлсэн хэрэглэгчидэд үйлчлэх бөгөөд цаашид бүх банкны данснаас цахим төлбөр хийгддэг болгохоор банкуудтай хамтран ажиллаж байна.

Мөн уг арга хэмжээний нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Захирал Р.Буд, ЗТХЯ-ны мэдээллийн технологи, стандартын хэлтсийн дарга Х.Тулга, “Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв” УҮГ-ын захирал Т.Батбилэг, Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг, “Мобиком корпораци” ХХК-ийн Ерөнхий захирал Тацуяа Хамада нар оролцжээ.




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө