Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-ны өдөр явуулахаар боллоо

Хэнтий аймагт УИХ-ын нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-ны өдөр явуулахаар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны зургаадугаар сарын 25-нд тангараг өргөсөн тул УИХ-д нэг гишүүний орон тоо гарсан. Иймээс түүний УИХ-д сонгогдсон 18-р тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ. 

Хуулийн дагуу УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг 2021 оны долдугаар сарын 9-ний өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, санал авах өдрийг 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөр байхаар төслийг боловсруулжээ.

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив.

Мөн УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай хэлэлцэв. Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Улсын Их Хурал тухай бүрт нь баталж улсын төсвөөс санхүүжүүлэх, зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар зохицуулсан байдаг.

18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардал 2.2 тэрбум төгрөг

Энэ үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 2,287,344,090.0 /хоёр тэрбум хоёр зуун наян долоон сая гурван зуун дөчин дөрвөн мянга ерэн/ төгрөгөөр батлахаар тогтоолын төсөлд тусгажээ. Харин улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна.

18 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрсөн байна.

 




Өнөөдөр морь өдөр

18 цагийн өмнө