Роснефьт компаниас авдаг нэг тонн  бензиний үнэ жилийн дотор 369 доллараар нэмэгдсэн

Роснефьт компаниас авдаг нэг тонн бензиний үнэ жилийн дотор 369 доллараар нэмэгдсэн

Энэ сарын 2-нд /2021-07-02/ АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж иргэдийн хувьд нэлээдгүй бухимдал үүсгэсэн.

Түүнийг дагаад маргаашаас нь эхэлж хүнсний дэлгүүрүүдээр зарим өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийлээ.

- Монгол Улсын газрын тосны импортын хэмжээ 2020 онд нэг сая 40 мянган тонн байсан  ба эхний хагас жилийн байдлаар үүний  700 орчим тонныг хэрэглэсэн . Газрын тосны үнэ өсөхөд дараах хэд хэдэн шалтгаан байдаг.

  • Бусад орны эдийн засгийн өсөлт нөлөөлдөг. Өнөөдрийн байдлаар бид ОХУ-аас авч буй АИ-92 бензиний 1 литр тутам дотооддоо 1950 төгрөгөөр зарагдаж байна.
  • Олон улсын зах зээл дээрх брэнд тосны үнийн хэлбэлзэл нөлөөлнө. Өнгөрсөн 2020 онд түүхий газрын тосны үнэ нэлээн унасан. Дөрөвдүгээр сард 19,5 ам.доллар буюу хамгийн доод цэгтээ хүрч байв. 2021 оны нэгдүгээр сард АИ-92 1830 төгрөгөөс 4-5-р сарын хугацаанд 3 удаагийн бууралтаар 1320 төгрөг хүртэл буурч доод түвшинд хүрч байсан.
  • ОХУ-ын Роснефьт компаниас авдаг нэг тонн АИ-92 бензиний үнэ 2020 оны 6-р сард 292 ам.доллар байсан бол яг нэг жилийн дараа 661 ам.доллар хүрч үнийн зөрүү 369 ам.доллар болсон.

Монгол Улсын хэмжээнд шатахууны 12,7 мянган тонн нөөц бий.

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээр АИ-92 шатахууны 30 мянган тонн нөөц бүрдүүлэхээр сонгон шалгаруулалт явуулж байна. Бензиний үнэ нь шилэн, ямар ч тохиолдолд нээлттэй байдаг. Одоогийн байдлаар импортоор 661 ам.долларын өртөгтэйгөөр орж ирж байна. Долларын ханш 2850 дээр харьцангуй тогтвортой байгаа. Мөн онцгой албан татварын хэмжээг тэглэсэн. Тиймээс  өөрийн өртөг 1980 төгрөг дээр тогтож байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ нь ОХУ-аас шууд худалдан авч байгаа үнэ болон ам.долларын ханшаас шалтгаалан тавигдаж байгаа үнэ юм хэмээн мэдээллээ.