АИ92 шатахуун 300, АИ95 шатахууны үнэ 100 төгрөгөөр тус бүр өсчээ

АИ92 шатахуун 300, АИ95 шатахууны үнэ 100 төгрөгөөр тус бүр өсчээ

Шатахуун түгээх станцууд өнөөдөр орой АИ92 шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмж, нэг литрийг нь 1750 төгрөг болгожээ. Харин АИ95 шатахууны үнийг 100 төгрөгөөр нэмсэн байна.   

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байсан ч Засгийн газар иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ92 шатахууны үнийг нэмэхгүй, барина гэж мэдэгдэж байсан ч шатахуун түгээх станцууд АИ92-ын үнийг нэмсэн байна.

Уул, уурхайн сайд Г.Ёндон ''Вакцинжуулалт дуусвал шатахууны үнийг нэмнэ'' гэж хоёр долоо хоногийн өмнө мэдэгдэж байв. 

Харин Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэлэхдээ “Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд шатахууны үнийг өсгөх талаар хүсэлтийг шатахуун импортлогчдоос ирүүлсэн. Харин олон нийтийн сүлжээнд тарсан шиг 600 төгрөгөөр өсөх асуудал байхгүй. Өнөөдрийн байдлаар түүхийн газрын тос 72 ам.долларт хүрсэн. Өнгөрсөн онд Засгийн газрын шийдвэрийн дагуу АИ92 авто бензинийг 1830-1320 төгрөг болгож бууруулж байсан. Өнгөрсөн тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл нэг литр АИ92 авто бензинийг 1450 төгрөгөөр нийлүүлж байна. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд заасны дагуу олон улсын биржийн үнийг судлах, импортоор орж ирж байгаа хилийн үнэд хяналт тавих заалт бий. Энэ дагуу бид үүнийг хянаж байдаг. Шууд механикаар үнийг өсгөхгүй гэж хэлж байгаа юм биш. Цар тахлын нөлөөгөөр иргэд, аж ахуйн нэгжийн эдийн засгийн байдал хүндэрч, орлого буурч энэ үед бензиний үнэ өсвөл хүнд тусна. Учир нь АИ92 бензин нийт хэрэглээний 33 орчим хувийг эзэлж байдаг. Тиймээс вакцинжуулалт 60-70 хувь хүртэл бид АИ92 авто бензиний үнийг өсгөхгүй байх бодлогын арга хэмжээг авч байгаа” гэсэн мэдээлэл өгч байв.