М.Тулгат нар Ц.Элбэгдоржтой уулзаж, “АН-ыг хэрхэн нэгтгэх” талаар ярилцжээ

М.Тулгат нар Ц.Элбэгдоржтой уулзаж, “АН-ыг хэрхэн нэгтгэх” талаар ярилцжээ

Ардчилсан нам /АН/ дотоод зөрчил, хуваагдал дуусаагүй байна. Тодруулбал, энэ бүхнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга бий болгосон гэдэг.

Учир нь тэрээр энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөхийн тулд өөрийн хүн болох УИХ-ын гишүүн Ц.Тувааныг тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулсан. Харин Ц.Туваан тус намын дүрмийн дагуу ажиллаагүй гэгдэж буй.

Иймд тус намын дарга асан С.Эрдэнэ УБЕГ-т хандаж Ц.Тувааны хэрэглэж байсан АН-ын тамгыг хүчингүй болгож, дахин шинээр тамга хийлгэсэн. Ингээд тус нам С.Эрдэнийн АН, Ц.Тувааны АН гэж хоёр хуваагдсан. Улмаар тэд тус бүрдээ дотоод сонгуулиа хийж М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг тус намын даргаар сонгоод буй. Харин Улсын дээд шүүх тэдийг хэнийг нь ч АН-ын даргаар бүртгэхээс татгалзаж байгаа юм.

Тэгвэл М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагууд саяхан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой уулзаж тус намын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан байна.

Энэ үеэр хоёр салаад буй тус намын гишүүдийнхээ сонирхлыг хэрхэн нэг цэг дээр зангидаж, АН-ын нэгтгэх талаар санал солилцжээ. Учир нь О.Цогтгэрэл “би АН-ын дарга болно. Намайг хүлээн зөвшөөрчих” гэсэн утгатай уулзалтыг хийгээд байгаа аж. Харин нөгөө талд Б.Пүрэвдорж “100 мянган гишүүний гарын үсэг цуглуулж, өөрөө тус намын даргаар томилогдох” ажилдаа ороод байгаа ажээ.