Хүний амь нас хөнөөсөн, хүчин, авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүд Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа юу

Хүний амь нас хөнөөсөн, хүчин, авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүд Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа юу

УИХ-аар Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж буй. Өчигдөр /2021.06.30/ Хууль зүйн байнгын хороо, чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах юм. Учир нь тус хуулийн үйлчилж эхлэх хугацаа нь долдугаар сарын 01-ны өдөр буюу өнөөдөр. 

2021 оны зургадугаар сарын 28-ны байдлаар хорих ангид 4175 хоригдол байгаа бөгөөд цагдан хорих таслан сэргийлэн арга хэмжээ авсан 1045, баривчлах шийтгэл эдэлж буй 177, хорихоос өөр төрлийн ялаар 3669, албадлагын арга хэмжээ авагдсан 3984, нийт 13050 хоригдол ял эдэлж байгаа аж. Харин энэхүү хуулийг баталснаар хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 188 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасч, өсвөр насны 25 хүн, нийт 709 хоригдол хорих ялаас чөлөөлөгдөх юм. 

Мөн допинг хэрэглэсэн бөхчүүд, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгууль зэргийг Өршөөлийн хуульд хамруулах юм. Өмнөх Өршөөлийн хуулиар онц хүнд, хүнд, авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлдэггүй байсан бол энэ удаагийнхийг зүйлчлэлээр нь ангилж өршөөл үзүүлж байна гэх мэдээлэл бий. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Өршөөлд хүний амь, хүчиндэх, авлига, албан тушаалын, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийг хамруулахгүй байх байр суурьтай байна" гэж байр, сууриа нээлттэй илэрхийлжээ. Түүний байр, сууринаас харвал  хүний амь нас хохироосон, хүчиндсэн, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ял сонссон хүмүүс Өршөөлийн хуульд хамрагдаж буй бололтой. Хуулийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.