Төсвийн алдагдал 3.6 их наяд төгрөг байхаар тооцжээ

Төсвийн алдагдал 3.6 их наяд төгрөг байхаар тооцжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Цар тахлын үед иргэн, аж ахуйн нэгжүүдийн орлогыг дэмжих үүднээс энэ оны төсөвт тодотгол хийх шаардлагатай байгааг Сангийн сайд танилцуулгынхаа эхэнд онцлов. Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 3 хувиар өсжээ. Улмаар төлбөрийн тэнцэл 245 сая ам.долларын ашигтай гарч, гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ оны эхний таван сард төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5.3 их наяд төгрөг хүрч, 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан.

Сангийн сайд Б.Жавхлан, “Цар тахалтай тэмцэх, бизнесийг дэмжих, эдийн засгийг сэргээх үүднээс 2020 онд 2.7 их наяд төгрөг зарцуулсан бол энэ онд 3 их наяд төгрөгийн ажил хэрэгжүүлж байна. Түүнчлэн Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтээ нийт 20.3 мянган зээлдэгчид 1.5 их наяд төгрөгийн зээл олгож 79.6 мянган ажлын байр, репо санхүүжилтийн хүрээнд 2.5 мянган зээлдэгчид 539.5 тэрбум төгрөгийн зээл олгосноор 25.4 мянган ажлын байр хадгалан үлдэж чадлаа. Мөн 6000 хүнд 447.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Эндээс үзвэл энэ төлөвлөгөө хүнд үед эдийн засгийг сэргээх түүхэн үүргээ гүйцэтгэж байна хэмээн дүгнэж болно. Энэ оны төгсгөлд эдийн засгийн өсөлт 6.5 хувийн өсөлттэй байхаар төсөөлсөн. Олон улсын байгууллагууд ч Монгол Улсын эдийн засгийг 5-6 хувь өснө гэж тооцоолсон байна. Гэвч нүүрсний экспортын хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх, нийгмийн даатгалын шимтгэл буурсан зэргээс үүдэн оны эцэст төсвийн тэнцвэржүүлсэн орлого 756 тэрбум төгрөгөөр тасрахаар байна” гэлээ.

Төсвийн тодотголоор төсвөөс 735.1 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар тусгажээ. Үүнд:

-Эмч, мэргэжилтнүүдэд олгох урамшуулалд 45.6 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулжээ.

-Иргэдэд ковидын талаар мэдээ, мэдээлэл түгээхэд 6.6 тэрбум төгрөг

-Резидент эмч нарыг дайчлан ажиллуулахад 3.7 тэрбум төгрөг

-Бэлэн байдлыг нэмэгдүүлэх буюу тоног төхөөрөмжид 110 тэрбум төгрөг

-Шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэлд 61.9 тэрбум төгрөг

-Вакцины үр нөлөө, халдвар тархалт, дархлааны идэвхийн судалгаанд 2.4 тэрбум төгрөг

-Вакцины үйлдвэрийн болон эрүүл мэндийн бусад ТЭЗҮ боловруулахад 8 тэрбум төгрөг

-Эрүүл мэндийн цахимжуулалт 3 тэрбум төгрөг

-Засгийн газрын нөөцийг нэмэхэд 60 тэрбум төгрөг

-Засаг даргын нөөц 20 тэрбум төгрөгийг хуваарилжээ.

Түүнчлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 он дуустал 100 мянган төгрөгөөр бодож олгоход 576 төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, байнгын асаргаа шаардлагатай хүнд сар бүр 288 мянган төгрөг олгоход 42.9 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Харин иргэн, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан, дулааны төлбөр, хогний хураамжийг тэглэх, сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх шийдвэрийг 2022 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл хэрэгжүүлэхэд 700 тэрбум төгрөг шаардлагатай аж.

Төсвийн тодотголд Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн нийт орлого 13 их наяд 731.7 тэрбум төгрөг, зарлага 15 их наяд 748.3 тэрбум төгрөг болж төсвийн алдагдал 3 их наяд 691.8 тэрбум төгрөг байна хэмээн тусгажээ.

Төслийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.